Судалгаа: “Оюу толгой” эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ
Монголын хөрөнгө оруулалтын банк групп болон Ресорс Инвестмент Капитал компани хамтран Монголын уул уурхайн салбарын судалгааг гаргажээ. Энэхүү судалгаа нь Оюу толгойн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг урагшлуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийсэн цогц баримт бичиг болжээ.
“Эрдэнэс Оюу толгой”, “Рио Тинто”, “Төркиз Хилл Резорсиз” болон Монгол Улсын Засгийн газар хамтран Оюу толгойн далд уурхайг үргэлжлүүлэх зөвшилцөлд хүрч, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан ч техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, холбогдохбайгууллагуудын дэмжлэг, зөвшөөрөл, төслийн санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг судалгаанд дурджээ. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан нь“Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй боллоо” гэсэн дохиог олон улсын зах зээлд өгч, Хятадын банк болон Хятадын хөрөнгө оруулалтаас хамаарах хамаарлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэжээ.
Судалгааны тайланд Оюу толгой төслийн үр нөлөөг тооцоолохдоо гадны хөрөнгө оруулалт Оюу толгойн төслөөс шууд хамаарч байгааг тодотгоод тус төслийн эхний үе шатаас хамааралтайгаар Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улс орнуудын тоонд багтсан ч одоо гадны хөрөнгө оруулалт Оюу толгой төслийн эхний шатны өмнөх түвшинд очсоныг тэмдэглэсэн байна.
Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт 2012-2014 онд 88.6 хувиар буюу 4.45 тэрбум ам.доллараас 0.5 тэрбум ам.доллар болтол буурсан ч Оюу толгойн маргаантай асуудлуудаа шийдвэрлэснээр эдийн засаг хурдацтай өснө. Монгол Улс руу шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, Монгол Улсын хөрөнгө босгох чадамжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ.
Мөн хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин тус төслийн эхний шатнаас илүү сайжирсныг дурдаад Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах нийт 9 тэрбум ам.доллараас 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэнэ. Оюу толгой төсөл Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл төдийгүй 1700 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар бизнесийн хүрээг нь тэлэх юм.Энэ нь тус төслийн ашиг орлогыг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.
Засгийн газар эдийн засгийг сэргээх гол зорилтдоо хүрч, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газарт итгэл хүлээлгэх ёстой. Хамгийн гол нь далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэж, уул уурхайн үйлдвэрлэлийн томоохон төслийн санхүүжилтийг дэмжсэнээр Монгол руу чиглэх хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байна гэж судалгааны тайланд онцолжээ.
“2011, 2012 онд Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн, холбогдох хууль тогтоомжийн үйлчлэл, хувийн салбарын маргаан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт 2012-2014 онд 89 хувиар буурч 0,5 тэрбум долларт хүрсэн. Азийн Хөгжлийн банкнытаамгаар 17.5 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд 3 хувь болтлоо буурч, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд хүрнэ. Энэ нөхцөл байдал Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлсээр байна. Бидний 2013 онд гаргасан тайланд үзсэнээр Монгол Улсын Засгийн газарт Монголын эдийн засгийг сэргээх үлдсэн ганц арга бол Оюу толгойн шийдэлд хүрч, төслийг урагшлуулах юм. Дараагийн 7 жилд зарцуулах Монголын шууд зардлын нийт 9 тэрбум ам.доллараас 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлын түгжээ тайлагдлаа” гэсэн дүгнэлтийг хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ