Зочид буудлуудад 150 тэрбум төгрөг зээлээр олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ирэх онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыгзохион байгуулах ажлын хүрээнд төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлыг шийдвэрлэжээ. Энэ уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа юм.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлдгээс59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа аж. Тэдгээрээс 45 буудлыг шаардлага хангасан гэж үзэж байгаа ч нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлагатай гэнэ. Шинээр дэлхийн зочид буудлын сүлжээний 4буудлыг нээх саналыг аж ахуй нэгжүүд ирүүлжээ. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг гаргасан байна. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх аж.
Мөн зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцжээ. Нэг цуваанд 5 машин явахаар тооцоод, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирэхэд олон тооны машин шаардлагатай болохыг хэллээ. Тиймээс Японы "Тоёото" корпорацитай ярилцаж байгаад хамгийн сүүлийн үеийн машиныг нийлүүлье гэдэг асуудлыг зохион байгуулах хорооноос танилцуулсан байна. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэхээр тогтжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ