Оросын сүүн бүтээгдэхүүнээс хүний биед шингэдэггүй хольц илэрчээ

Монголчууд ОХУ-д визгүй зорчдог болж, нэг үе нүдний гэм болох шахаад байсан хойд хөршийн хүнсний бүтээгдэхүүн дэлгүүр, захуудад харагддаг болсон нь худалдан авагчдыг баярлуулж буй. Гэвч орос хүнс хоргүй, хольцгүй, чанартай гэх бидний уламжлалт ойлголт тийм ч баттай бишийг нотолсон баримтуудыг ОХУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байна.

ОХУ-ын “Первый канал” телевизээр саяхан сүүн бүтээгдэхүүнээс илэрсэн зөрчлийн талаарх нэвтрүүлгийг дамжуулав. Оросын сэтгүүлчид зах зээлээр явж ашгийн хойноос улайран бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас буцдаггүй шударга бус үйлдвэрлэгчид дэлгүүр, хоршооны дундарсан лангууг эзэгнээд байгааг илрүүжээ.

Хэдийгээр хольцгүй цэвэр бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж байгаа ч “сүүн бүтээгдэхүүн” нэртэй хольцтой, хоол нэртэй хорон дунд “живж” буйг сэтгүүлчид нэвтрүүлгээрээ харуулсан юм. Ургамлын тосны хольцтой сүүн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй болох талаар Сорилын лабораторийн эрхлэгч Татъяна Куринова ярихдаа “Хуурамч сүүн бүтээгдэхүүнд ургамлын тос, ялангуяа дал модны тос хольсон байдаг. Түүнийг хүний бие организм бүрэн шингээж чаддаггүйгээс судасны хананд наалдаж үлддэг” гэжээ. Бас бага насны хүүхдэд ходлого, харшил, диатез илэрдэг аж. Хямдхан учраас дал модны тосыг илүү хольдог юм байна. Боловсруулалтаас нь шалтгаалж уг тосыг хүнсний, гоо сайхны бүтээгдэхүүний, техникийн зориулалттай хэмээн ангилдаг ажээ.

Дал модны тосыг чихэр, хүүхдийн нэмэлт тэжээл, өтгөрүүлсэн сүү, бяслаг, аарц, цөцгий, цөцгийн тос зэрэг сүүн бүтээгдэхүүнд хольдог нь шалгалтын явцад илэрсэн байна. Оросын фермийн үнээнүүдийн сүү саалийн гарц нэмэгдсэн эсэхэд мөн судалгаа хийжээ. Ингэхэд Оросын сүүний үйлдвэрлэл 3-хан хувь өссөн атал зөвхөн бяслаг, бяслаг агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувь нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Эрүүлийг хамгаалах байгууллагад эдгээр материалыг өгөхөд эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүссэнийг нэвтрүүлэгт дурдав. Ногдох торгууль нь 10 мянгаас 50 мянган рубль. Гэвч олдог ашигтай нь харьцуулахад энэ торгууль өчүүхэн бага гэдгийг шинжээчид хэлж байна. Нэг кг бяслаг үйлдвэрлэхэд 10 л сүү хэрэгтэй. Нэг кг цөцгийн тосыг 20 л сүүгээр үйлдвэрлэдэг. Нэг литр сүү 20 рубль байдаг бол кг бяслаг 150 рубль, нэг кг цөцгийн тос 300 рубль хүрэх жишээтэй. Гэтэл сүүг хямдхан ургамлын тосоор орлуулахад ямар хэмжээний ашиг олох нь тодорхой.

Хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэхэд хууль эрх зүйн орчин тааруухан байдаг. Үүнд хатуухан хууль хэрэгтэй гэдгийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газрын даргын туслах Алексей Алексеенко сэтгүүлчдэд хэлсэн байна. Зарим судалгаанаас харахад хуурамч цөцгийн тос нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх магадлалтай гэнэ. Белгород мужид ээлжит шалгалтын үеэр долоо орчим тонн хуурамч бүтээгдэхүүн хураан авчээ. Ургамлын тос огт байх учиргүй цэвэр цөцгийн тос нэртэй бүтээгдэхүүнийг шалгахад хольцтой нь илэрчээ. Уг цөцгийн тос нэртэй “бантан”-гаар саван хийхэд л тохирно гэдгийг Дахин боловсруулах үйлдвэрлэлийн Шинэ технологийн хэлтсинй дарга В.Оболонский нотолсныг нэвтрүүлэгт дурдлаа.

Сэрэмжлүүлэх үүднээс дурдахад монголчуудын чанартай хэмээн үздэг Оросын сүүн бүтээгдэхүүний найрлагад хүний биед үл шингэдэг дутуу боловсруулсан дал модны тос багагүй хэмжээгээр орсон байж болохыг ОХУ-ын чанарын хяналтын байгууллагынхан тогтоосон байна.

Д.ЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ