Олимпийн баатрууд Монголд заяасан өдрүүд

Олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан спортын агуу хүчтэнүүд зуны эхэн сарын энэ өдрүүдэд мэндэлснийг, тэдний төрсөн өдөр яг нэг, нэг өдрийн зайтай дараалан тохиодог гэдгийг та мэдэх үү.

Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат 1941 оны зургадугаар сарын 01-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ.

Түүний хүү Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал аавынхаа 65 насны ойгоор буюу 2007 онд сүмогийн дээд зиндаанд түрүүлэн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна цолтон болж элгэн садан, эх орон нэгтнүүдээ баярлуулж аавдаа төрсөн өдрийн бэлэг барьсан юм. Олимпийн мөнгөн медальт домогт бөхийн хүү одоог хүртэл арлын орны спортыг бусад монголчуудынхаа хамтаар эзэгнэсэн хэвээр.

Зургадугаар сарын 01-нд олимпийн мөнгөн медальтан төдийгүй анхны олимпийн аварга мэндэлсэн гайхам түүх манай ард түмний дотор бий. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр 1984 оны энэ өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин эцэг Т.Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Н.Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлснээс хойш жүдо бөхөөр сонирхон хичээллэж агуу түүхт амжилтад хүрсэн юм.

Бээжингийн олимпод тэрээр таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирсан. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнөд Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэст нь Казакстаны Житкеевийг вазааригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдэн мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болсон юм.

Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 02-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Паралимпийн аварга Д.Баатаржавын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1961 оны зургадугаар сарын 02-нд мэндэлсэн юм.

Түүний аав аймгийн арслан, ах, дүү хоёр нь боксын олон улсын болон спортын мастер ажээ. Тэр ахыгаа дагаж анх боксоор хичээллэн багагүй амжилт үзүүлж байтал золгүй явдал тохиолдон хөлдөө гэмтэл авч мэс засал хийлгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд оржээ. Гэсэн ч тэр хэлж ирдэггүй хийсч ирдэг хувь тавилангийн зовлонд сөгдсөнгүй. Их спортоо орхилгүйгээр буудлага, байт харваагаар шаргуу хичээллэж эхэлсэн гэдэг.

Тэрээр Бээжингийн паралимпийг зорихдоо “Хөлгүй баатар болоод ирнээ” хэмээж байсан гэдэг.

Харин маргаашийн хувьд мөл олимпийн аваргатай өдөр. Бээжингийн олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы төрсөн өдөр тохионо.

Олимпийн наадмын рингэнд бахдам амжилт гаргаж, өрсөлдөгч бүрээ илүүрхэн буулгаж авснаар аваргын тавцанд гарч, нутаг нэгтнүүдээ баярлуулсан тэрбээр 1985 оны энэ өдөр мэндэлжээ.

Монголын ард түмний бахархал болсон аваргууддаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ