Д.Сэлэнгэ: Дамбын Хишигээ бид хоёрын хэн нь атаман бэ гэвэл ...

Тэр бол ЖИНХЭНЭ АТАМАН. Бас миний амьдралдаа тааралдсан анхны засанд /Засан хүмүүжүүлэх газар. сэтг/ хүмүүжээд гарч ирсэн хүн. Д.Сэлэнгэ Шувууны хүүхдүүдийн нэг. Шувуун фабрик хэмээх жижигхээн тосгоноос төрсөн алдартныг бид мэдэх юм. Та яг зөв санаж байна! Алдарт Дамбын Хишигээ, Алтны магнат Ц.Мянганбаяр тэндхийнх. Манай ярилцагч энэ хоёр эрхэмтэй болон “Ар хударга” киногоор нийгэмд тэсрэлт хийгээд буй зохиолч, найруулагч Д.Болдбаатар нартай нэг анги, дотно найзууд.

Амьдралынхаа 16 жилийг нарсанд үдсэн тэрбээр саяхан найзынхаа уран бүтээлд шоронгийн атаманы дүрээр гарч ирсэн. “Юун жүжигчин хаанаас гараад ирэв ээ. Тэр хэсэг үнэхээр cool” хэмээн үзсэн хүн бүр шагшив. Би ч бас бүтэн жил тойрон шинэ монгол кино үзэж байгаа хэрнээ энэ жүжигчнийг огт хараагүй юм байна гэж гайхан бодсон. Аргагүй сониуч зандаа хөтлөгдөн энэ хүний намтрыг сонссон цагаас эхлэн ярилцлага авахаар зориг шулуудав.

Атаманууд, далд ертөнцийн амьдрал, жинхэнэ мужик эр хүний мөн чанар, хамгийн гол нь хүн чанар нэвт үнэртсэн ярилцлагч байлаа. Дөнгөж үрээ тэврээд байсан залуу аав найзыгаа өмгөөлөн хүнтэй нударга зөрүүлж улмаар хохирогч амиа алдсанаар нэг л өглөө “Хүн амины хэрэгтэн” хэмээх цол зүүн 20 жилийн ял сонсон хаалттай ертөнцөд очжээ.

Чухам тэнд түүнийг юу хүлээж байсан бэ? Бидний мэдэх, мэдэхгүй жинхэнэ эрчүүдийн ертөнц ийм л байдаг болов уу гэсэн бодол төрлөө. Хачирхалтай нь наранд нарсанд байдгаас илүү аймшигтай хүмүүс олноор амьдарч байгаа юм байна гэсэн бодол түүнтэй ярилцахад төрөөд байв. Бид магадгүй дунд нь амьдарсаар байгаад хэзээ ч энэ тойргийг гаднаас нь, өөр газраас ирсэн хүний нүдээр харж үзээгүй учраас мэддэггүй, дасан зохицсон байх л даа.

-Ингэж нэг жинхэнэ атамантай уулздаг юм байж. Уучлаарай, шууд хэлсэнд. Би хоёр утгаар хэлж байгаа юм шүү. Сүүлийн хоёр жил манай кино урлагийн сэргэлтийн жил байлаа. Дэлгэцийн бүтээлүүд ч олон гарлаа. Кино болгон атамантай, жүжигчид хэрэндээ энэ дүрийг үзүүлэх гэж чармайсан. Таны тоглолт хамгийн үнэн, халуун нь байсан. Жихүүдэс төрсөн шүү. Гэтэл та амьдрал дээр ч жинхнээсээ атаман байж.

-/инээв/ Амьдрал дээр жинхэнэ атаман гэж хэлэхэд ... Ер нь миний хувийн бодол л доо. Хүн өөрийгөө хамгийн түрүүнд үнэлж байх ёстой. Би ер нь хувь хүн өөрийгөө үнэлж байж бусдад хүндлэгдэнэ, бусдаас хүндэтгэл ирнэ гэсэн дүрэмтэй л дээ. Хүүхэд байхын тэгж боддог сон. Өөрийгөө дорд үзэх дургүй. Аль болохоор юмыг бүтээх юмсан, би чадна гээд. Би багаасаа хөдөлгөөнтэй өөрөө бүгдийг хийх гэж оролддог хүүхэд байсан. Тэр утгаараа хүний доор орж явахыг хүсдэггүй. Дээрэлхүүлэхийг боддоггүй. Би дээрэлхүүлдэггүй гээд хүн дээрэлхээд байхыг боддоггүй. Өөрөө ер нь амьдрал дээрээ энэ дүрмээ ягштал баримталж явдаг.

Кинонд дүр бүтээсний тухайд ах нь яг жүжигчин болно гээд төлөвлөчихсөн юм байхгүй. Багын маань найз, энэ киноны зохиолыг бичсэн Болдбаатар гэдэг залуу бид хоёр нэг жижигхэн тосгонд хар багаасаа тоглож өссөн. Одоо хүртэл бид сайхан найзууд. Найз маань кино хийж надад энд тоглож дүр бүтээх завшаан олдсон. Тийм тохиолдлоор, санамсаргүйгээр кинонд тоглосон. Энэ магадгүй хувь зохиол юмуу, юу ч гэмээр юм.

Хүүхэд байхын жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Багаасаа театр дугуйланд яваад бэлтгэж байсан. Тэгээд жүжиг, драмын жүжиг энэ тэрд тоглодог. Тухайн үед УБДС кино драмын ангидаа хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан. Яг бидний төгсөх жил элсэлт авдаг жил нь таарч би их баярлаж байсан. Маш их бэлдсэн. Харамсалтай нь би сургуулиа төгсөж чадаагүй л дээ. Яг хонхны баярын өмнөх өдөр авто машины осолд орсон. Хүний амьдрал чинь сонин байдаг юм байна ш дээ. Бүх юм өөрчлөгдсөн. Жүжигчин болох мөрөөдөл маань ч байхгүй болсон. Гэхдээ угийн цаанаасаа сэтгэлд нэг юм байдаг болохоор, шингэсэн хүсэл байдаг байсан л даа.

- Энэ дүрийг гаргахад танд хэр ойр дөт байсан бэ?

-За ер нь тэр тал дээр маш ойрхон байсан л даа. Хялбар байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл би өөрөө яг тийм амьдралыг үзсэн, биеэрээ туулсан. Багагүй хугацаанд, бүр үзэх үзэхдээ. Тийм болохоор өөрийн мэдэлгүй сэтгэл дотор тэр орчны байдал хүнд яг суудаг. Тэр үеийн бухимдал, хорсол юу байдаг юм, бүхий л юм байдаг л даа.

Тэгээд тэр газар /Засан хүмүүжүүлэх газар. сэтг/ чинь түмэн янзын ааш, характертай хүмүүс байдаг. Тэр бүгдтэй сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэдэг шиг дүрэм үйлчилдэг, бичигдээгүй хууль байдаг гэж хэлж болно. Яг тэр байдлаар, ямар ч хүн амьдарч байгаа орчиндоо дасан зохицох хэрэгтэй болдог. Хүссэн хүсээгүй хүн тэнд яг үнэн дүр төрхөө гаргана. Янз бүрийн багтай хүмүүс нь тэнд хүчээр тийм байдаг. Өөрөө хүсээгүй хэрнээ, хувь хүн нь тийм хүн биш мөртлөө тийм дүрд байх шаардлага гардаг. Бас хэрцгий байх хэрэгтэй. Гэвч тэр МАСК-ны цаана хувь хүн нь шал өөр хүн байдаг. Зөөлхөн сайхан сэтгэлтэй, хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлтэй, хүн чанартай тийм хүмүүс байж л байдаг.

-Таныг Дамбын Хишигээтэй найз гэж дууллаа. Уучлаарай, шулуухан асуучихад хэрэг төвөгт орох шалтгаан найзаас чинь болоогүй биз?

-Намайг тэр утгаараа хэрэг төвөгт орооцолдож хэл ам таталж явдаг гэж ойлгож болохгүй. Би түрүүхэн ярьсан, энэ кино хийсэн залуу, Хишигээ бид нар чинь нэг тосгонд Шувуун фабрикт өссөн. Тэр холбоо яг тэндээс үүсэлтэй. Бид багын найз, нэг ангийн хүүхдүүд. Тэр гудамжны тоосыг хамт бужигнуулж өссөн. Тэр утгаараа одоо хүртэл бид харилцаатай.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ