Ц.Оюунбаатар: Ю.Цэдэнбал, Н.Энхбаяр нарыг цагаатгах асуудлыг өргөн барих нь зүйтэй
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг болон Хүний эрхийн тухай хууль зэрэг хүний эрхтэй холбоотой олон хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хүний эрхийг дээдэлсэн сайн хуулиуд гарч чадах болов уу?
-Миний бие хуульч мэргэжлээр суралцаж эхэлснээс хойш 41 жил болж байна. 1983 оноос хойш хүний эрх, иргэний эрхийн чиглэлээр судалгааны ажилд 30 жилийг зарцууллаа. Өнөөдөр энэ хуулиудад оруулах өөрчлөлтүүд Их хуралд орж ирж байна.
Манай парламент цөөхөн хуульчтай. Тэр тусмаа мэргэжлээрээ ажиллаж үүндээ эзэн болсон хуульч маш цөөн. Энэ хуулийн төслүүдэд ажиллах асар их шаардлага бий. УИХ-д хуульч цөөн, хүн хүчний хүрэлцээ муу, ачаалал их.
Тэгээд хуулийг Төрийн ордонд тойрч суугаад маргалдаж байгаад баталчихдаг байж болохгүй. Хууль гэдэг нийгмийн харилцаанд дахин давтагдаж байгаа харилцаануудыг зохицуулах бодлого шүү дээ. Тиймээс Гэмт хэргийн тухай болон хуулийн байгууллагын багц хууль, Хүний эрхийн тухай болон бусад хуулийг үндэс суурьтай хийхийн тулд хуулийн байгууллагын олон ажилтан, албан хаагч, мөн иргэдтэй уулзаж байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй хорих байгууллагаар орлоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх, Өршөөлийн хуулиар 3000 гаруй хүнээс судалгаа авсан. Зөвхөн Эрүүгийн хуулиар биш Хэрэглэгчийн хууль зэрэг бусад хуулиар санал авах ажлыг зохион байгуулж байна. Сонгогчдын гэдэг юм уу, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан Монголын нийгэмд амьдрах чадвар бүхий хуулийг хийх гэж оролдож байгаа хэлбэр нь энэ юм.
Одоо зарим нэг туршлагатай хуульч гишүүдтэй Прокурор, Цагдаа, Өмгөөллийн ажилтнуудтай уулзалт хийнэ. Учир нь энд тэндээс цугласан, бизнесийн төлөөлөлИх хуралд орж ирэнгүүтээ шууд хуульч болдог, бүхнийг мэдэгч болдгоос муу хууль гарч байгаа нь бодит шалтгаан. Сонгогчид ямар хүн сонгоно вэ, тэр хэмжээгээр хуулийн чанар, чадамж шалтгаална. Түүнээс УИХ-ын 76 гишүүнийг хараагаад нэмэргүй. Сонгогчид та бүхэн мөнгө, нам харж сонголт хийдэг буруугаа хүлээх ёстой. Хууль боловсруулах, түүнийг хэлэлцэх, батлан гаргах үйл явцад хариуцлагатай ажиллах ёстой. Монгол төрийн хамгийн нарийн үйл ажиллагаа бол хууль боловсруулах, хэлэлцэж батлах юм. Тиймээс багагүй цаг авч байна.
-Та бид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн ярилцаж байна. Тэнд ч хойд эцэг хүүхдээ хөнөөлөө, эх нь хүүхдээ хаялаа, энд ч хүүхэд автомашины осолд орлоо,тэнд ч мориноос уналаа, хүний эрх хөсөр хаягдлаа гээд нийгэмбужигнадаг. Бид хүүхдүүдээ яаж хамгаалах вэ?
-Энэ бол ганц хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ч биш байнга ярих ёстой сэдэв юм. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хууль гарч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэлэлцэгдэж байна. Мөн гэр бүлийн тухай хууль батлагдаж орж ирнэ.
Энэ хуулиудад монгол хүүхдийн эрхийг хамгаалах талаар сайн заалтууд орсон. Гэхдээ улам боловсронгуй, улам сайн хийх шаардлага бий. Ер нь хүний эрх, тэр дотроохүүхдийн эрх өргөн хэмжээнд зөрчигдөж байгаа нь нийгмийн бусармаг явдал, хариуцлагагүй замбараагүй байдал, төр засгийн удирдлагын үйл ажиллагааны хайнга, хариуцлагагүй байдлын илрэл юм.
Хууль хяналтын байгууллагуудын хайнга байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа байхгүй, эцэг эхчүүдийн хариуцлагын алдаа, дээр нь хүүхэд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүний төлөө ажилладаг байгууллагуудын ажиллагаанд багагүй алдаа доголдол гарч байгаагийн үр дагавар юм, үүнд бид дүгнэлт хийх ёстой.
Аль болох сөрөг хандлагуудыг хаасан хуулийг гаргая гэж бид үзэж байгаа. Ялангуяа хэд хэдэн хуулийн төсөлд хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой. Нэгдүгээрт, гэр бүлийн дотор байгаа хүчирхийллийг таслан зогсоох ёстой.
Гэр бүл бол нийгмийн нэг орчин, амьдралаас салчихсан, тусгаарлагдсан зүйл биш. Тиймээс гэр бүлийн эрхзүйн зохицуулалтыг хийж,тэгш шударга харилцаатай, харилцан үүрэг хүлээсэн байх, ялангуяа Монголын ирээдүй болсон хүүхдүүд хүмүүжиж боловсорч байгаа учраас тэнд тавих анхаарлыг дээд зэрэгт хүргэх хэрэгтэй. Цалин мөнгө хүрэлцэхгүй, ажилгүй, орлогогүй, түүнчлэн өрх толгойлсон эхчүүд олон байгаа учраас энэ талын асуудлуудыг маш сайн анхаарах ёстой.
-Сүүлийн үед хуулийг “зэвсэг” болгосон хүчний байгууллагууд хүний эрхийг зөрчдөг гэсэн шүүмжлэл гарч байна. Хуулиа хэрэгжүүлэх ёстой, гэтэл хүний эрх зөрчигддөг?
-Энэ асуудал хоёр талтай. Монголд авлига цэцэглэж, албан тушаалаа ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлдэг гэмт хэрэг хавтгайрсан. Тэр нь амьжиргааных нь нэг хэв маяг, орлого олдог эх үүсвэр болчихсон. Ялангуяа сонгуулийн дараа хэдэн мянган хүнийг ажлаас нь халж гудамжнаас төрийн албанд ногоон гэрлээр очдог болсон.
Нэг дарга очоод ах дүүс, нутаг усныхан, сонгуульд ажилласан хүмүүсээ татдаг. Гэтэл тэд нь төрийн албанд огт бэлтгэгдээгүй, таван өгүүлбэр холбоод биччих чадваргүй нөхдүүд байдаг. Ингээд төрийн нэр хүнд унаж, албан тушаалтнууд авлигад идэгддэг. Нэг дарга, аль нэг намтай холбоотой тэр албан тушаалд тогтож байгаа учраас маргааш яах вэ гэдэг нь баталгаагүй. Тиймээс төсвийн мөнгөөр ахиухан шиг бизнес хийхийг боддог.
Зайлшгүй тохиолдолд баривчлах, нэгжих ёстой. Хэрэг шалгалтын явц зохих хууль, дүрмийн дагуу явж байгаа бол зөв үйл ажиллагаа. Хүн болгон АТГ-руу дайрдгийг би дэмждэггүй. Ерөнхийлөгчийн гаргасан Авлигатай тэмцэх хөтөлбөрийг УИХ дээр унагахын эсрэг байсан, авлигатай тэмцэж хязгаарлахын төлөө зохих хэмжээнд тэмцэж байгаа.
Нөгөөтэйгүүр, авлигатай тэмцэх нэрийн дор улс төрийн ашиг хонжоо хайж, улс төрчдийн захиас даалгавраар төрийн зарим албан тушаалтан, ялангуяа улстөрийн өрсөлдөгчөө зайлуулах бохир улс төр манайд бий болж хавтгайрсан нь бодит үнэн. Үүнийг өнөөдөр хэн ч үгүй гэж хэлж чадахгүй. Үүнийг ирээдүй хойч үе маань шүүн залруулна.
-Дараачийн үе маань шүүнэ гээд дараалсан олон баривчилгаануудыг хүлээн зөвшөөрч болохгүй байх. Шалгаж байна гээд баривчилдаг, тэгээд эрхийг нь зөрчөөд байна шүү дээ, тэнд хүний эрх, эрүүл мэнд, эдийн засаг хохирч байна. Үүнийг яах вэ?
-“Эрдэнэс Тавантолгойн”-н Я.Батсуурь, нүүрсний төслийн Л.Гансүх гээд баривчилгааны тухайд нэлээд хэдэн хүн бий. Мөрдөн байцаагч, прокуророор 15 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, зайлшгүй шалгах зүйл бол байгаа. Төрийн 4.7 тэрбум төгрөг Монгол Улсын төсөв, Монгол Улсын төрийн байгууллагаас гараад явчихсан асуудлыг шалгах ёстой.
Тэр Я.Батсуурийг ч, энд холбогдож байгаа бол Г.Дэнзэнг ч хэний хүн байхаас үл хамааран шалгах ёстой. Тэр байтугай төрийн байгууллага, хувийн байгууллага хоёрыг эвлэрүүлж байгаад 4.7 тэрбум төгрөг гаргаж өг гээд шийдэж байгаа шүүгч ч маш сэжигтэй, шалгах ёстой. Тэр бол төрийн үүрэг. Харин хүнийг олон сар жилээр хорьдгийг нь би буруу гэж үзэж байгаа.
Хүнийг шалгахдаа өмгөөлөх, өмгөөлөгчөөр хангах эрхийг нь зөрчиж байгаа бол буруу. Тухайлбал, Я.Батсуурийг заавал хоёр сар суулгах хэрэг байсан уу. Хэн нэгэн гэрч гадагшаа гарсан, оргон зайлсан гэдгээс үүдэн суулгасан нь буруу. Г.Дэнзэнг өмгөөлөгчгүй байцаах эрх АТГ-т байхгүй. Өмгөөлөгч нь согтуу байсан бол өөр өмгөөлөгч оруулах үүрэгтэй. Энэ үйлдлүүдэд би зөрчил байна гэж харсан. Өмгөөлөгчгүй хэзээ ч хүнийг байцааж болохгүй. Ер нь бол хэнийг ч шалгаж болно. Шар сонины мэдээгээр би өөрийгөө АТГ-т шалгуулахаар гурван удаа өгсөн.
Их хурлын гишүүд, сайд нарыг шалгах ёстой. Түүнээс биш энэ байгууллага хэн нэгнийг хориод, цагдаад, айлгаад бай гэсэн үг биш. Л.Гансүхийн тухайд нүүрсний мөнгө ашигласан гэж хорьж шалгалаа гэсэн. Үнэхээр тэр их мөнгө хаачив,тэр хүн түүнийгээ АТГ, Мөрдөн байцаах газарт тайлбарлах үүрэгтэй.
Нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Тэр талаасаа шалгасан нь зөв. Харин тэр хүнийг урт удаан хугацаагаар хорьж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж, сахарын өвчнийг нь даамжруулж мэс засалд оруулсан бол буруу. Хэрэв хэн нэгэн хүний эрх чөлөөг нь хасч, хорьж мөрдөөд төр өөрийнхөө хяналтад авсан бол тухайн хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүрэгтэй. Тухайлбал, Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан гэдэг хүн хоригдож байхдаа амь насаа алдсан. Гэм буруутайбүх албан тушаалтнууд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.
-Хүний эрхийг зөрчсөн, хилсдүүлсэн, хэлмэгдүүлсэн аливаа тохиолдлын эцэст тухайн хүний нэр хүндийг сэргээх, гэм буруугүйг нь олон нийтэд таниулах ажил хийдэггүй. Луйварчин, хулгайчаар цоллож бүхий л амьдрал, ажил үйлсийг нь харлуулчихаад орхичихдог байж таарах уу?
-Үүнд төр буруутай. Гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй, ял шийтгэл аваагүй бүх хүний хохирлыг Монголын төр хариуцах ёстой. Нэг хоног ч бай, нэг цаг ч бай хоригдоод шүүхэд очоогүй, ял шийтгэлгүй гарсан бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шинэ Гэмт хэргийг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хууль бусад хуулиудад би хариуцаж оруулна.
Хэрэв, төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хууль зөрчиж, тухайн хүний гэм буруутай нь тогтоогдоогүйг мэдсээр байж эрх, эрх чөлөөг хассан, хорьсон бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хамгийн гол нь материаллаг хариуцлагыг зүгээр нэг цалингийн доод хэмжээгээр тооцож болохгүй. Гэм буруугүй хүнийг хорьж саатуулсныхаа төлөө цалин, бизнесийн орлого болон бүх хохирлыг төр хариуцна.
Дараа нь гэм буруутай албан тушаалтнаас хохирлыг гаргуулна, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хуулийн ийм зохицуулалтыг хийх болно. Одоогийн байдлаар ихэнх шалгагдаж буй хүмүүс өөрсдөө асуудалтай, дор хаяж татвараа төлөөгүй байх жишээтэй. Татвараар дарамтлангуут юм хэлж чадахгүй, гарлаа бол гуяа алгадаад гүйчихдэг. Тиймээс энэ чиглэлд мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдыг бэлтгэх ёстой. Хүнийг барих, хорих асуудлыг үзэгний үзүүрээр, дур зоргоор, өөрт тааламжгүй хандсаных нь төлөө хийдэг байдлыг таслан зогсоох ёстой, ингэж байж эрхзүйт төр төлөвшинө.
-Саяхан Ю.Цэдэнбал агсныг цагаатгах асуудлыг МАН-ын гишүүд УИХ-д өргөн барьсан. Монголын төр хохироосон, хэлмэгдүүлсэн хүмүүсээ цагаатгах ажлыг хийхдээ хойрго санагдах юм?
-Мэдээж төр хохироосон, хилсдүүлсэн хүмүүсээ цагаатгах ёстой. Энэ бол төрийн үндсэн үүрэг. Ю.Цэдэнбал агсныг цагаатгах асуудлыг МАН УИХ-д өргөн барьсан байна. Тэр хүн МАХН-ын удирдагч, энэ намын зүтгэлтэн, харин Ардын намын үед хамаарахгүй л дээ. Ю.Цэдэнбал 1921-1924 онд хамаарахгүй, Баасан ламын 1990 оны намд ч хамаагүй. 1939-1984 он хүртэл Монгол төр, МАХН-ын төлөө зүтгэсэн нэрт зүтгэлтэн. Асар олон гавьяатай үйлс бүтээсэн. Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулж, тухайн үеийн бололцоот хөгжлийг авчирсан.
Ялангуяа малчдын хүүхдүүдийг боловсролтой болгоход маш их анхаарсан. Жилдээ 10 мянган оюутан сурагчдыг ЗХУ-руу явуулж сургаж байлаа. Нөгөөтэйгүүр, сөрөг юм ч бий. Монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн. Ц.Лоохууз, Б.Нямбуу тэргүүтэй олон зуун сэхээтэн хэлмэгдэн цөлөгдөж, амь нас, амьдралаараа хохирсон. Тэгэхээр асуудлыг хоёр талтай авч үзэх учиртай. Ю.Цэдэнбал агсныг цагаатгаж байгаа нь зөв, Монголын төлөө бүтээсэн, бий болгосных нь төлөө олгосонУлсын баатар цол, маршлын одон тэмдэг бүх юмыг нь
АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гаргаж хураасан явдлыг хүчингүй болгох асуудлыг авч үзнэ гэсэн үг юм. Үүний зэрэгцээ би МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мөн адил Монголын төр цагаатгах ёстой гэж боддог. Хэдийгээр шүүхээр шийдсэн ч гэсэн тэр бол цэвэр улстөржсөн үйл ажиллагаа байсан. Шүүхээс ял оноосон хоёр асуудал байгаа. Нэг нь орон нутгийн өмчид байж байгаа нэг орцтой зочид буудалд хувиасаа 1.5 тэрбум оруулсныг төр нь өөрөө батлаад байдаг. Зочид буудал нь орон нутгийн өмчид одоо ч байж л байна.
Гэрчилгээ бичиг баримт нь нотолж байна.Тэгэхээр юу ашигласан юм бэ. Хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхгүй бол мөнгөө аваад гар гэнэ биз дээ. Энд гэмт хэргийн юм байхгүй.Гэтэл энэ асуудалд өнөөдөр бас нэг хүнийг, тухайлбал Хотын дарга байсан Ц.Батбаярыг холбогдуулж хорьчихоод байж байгаа. Хоёр дахь нь хэвлэлийн үйлдвэр байсан нурсан балгас. Балгас гэхээсээ илүү түүний газрын асуудал юм билээ. Газрыг нь авъя гэсэн хэдэн хүн менежментийн баг бүрдүүлэхэд тав зургаан хүн нийлж, сүүлдээ хоорондоо хагаралдсан явдал.
Түүнд Н.Энхбаяр гэдэг хүн шууд оролцсон баримт нотолгоо байдаггүй. Хүчээр, захиалгаар улстөржсөн шүүх, улстөржсөн АТГ шийдсэн хэрэг. Тэгэхээр өнөөдөр цагаатгадаггүй юм гэхэд тодорхой хугацааны дараатэр хүнийг Монголын төр цагаатгах нь гарцаагүй. МАХН-ын хоёр нэрт зүтгэлтэнг цагаатгах асуудлыг МАХН-аас өргөн барих нь зүйтэй. Балгасан барилгын доорх газрын хувьд парламентын ордон барих нь зүйтэй гэсэн саналыг би өнгөрсөн намраас ярьсан. УИХ-ын даргад энэ тухай хүсэлт өргөн барина.
-Н.Энхбаярыг цагаатгах ёстой гэдгийг та ямар өнцгөөс харжхэлж байна?
-Мэргэжлийнхээ үүднээс хуульчийн хувьд хэлж байгаа юм. Түүнээс тэр хүнийг тахин шүтэгч биш. Би МАХН-д 1985 онд элссэн гэдгээ хаана ч хэлдэг. Н.Энхбаярыг ид мандаж байхад заримбуруу үйл ажиллагааг нь шүүмжилж байсан. МАХН-ын түүхэнд нам доторх “Жигүүр”-ийг гардан байгуулж тэмцэж байсан. Тэгэхэд “Бид тойрон хүрээлэгч байна, буудна, дорвинкдоно” гээд байсан хүмүүс дараа нь бүгдээрээ нийлж байгаад Н.Энхбаяртаа өс санаж, араас нь хутга шааж, хэлмэгдүүлж өнөөдрийг хүрч байгаа шүү дээ.
Тэгэхээр түүнийг цагаатгах асуудал хэзээ нэгэн цагт яригдах л болно. Үүнийг би мэргэжлийн үүднээс, шударга зарчмын үүднээс хэлжбайгаа юм. Монголын төрдөө шударгаар зүтгэж яваа жирийн л нэг төрийн түшээ гэж өөрийгөө боддог.
Өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын өрөөнд ч орж үзсэнгүй, юм ч гуйж яваагүй. Хүний эрхийг дээдэлсэн шударга хуульчийн нэр төрийг өндөрт өргөж явахаас өөр эрхэм зүйл надад байхгүй.
Ч.ҮЛ-ОЛДОХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ