Хөлбөмбөгт авлигын хар муур гүйжээ

Швейцарийн хууль хяналтынхан Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны өндөр албан тушаалын зургаан хүнийг баривчилж, АНУ-ын талд шилжүүлэн өгөх гэж байна.

Швейцарийн цагдаа нар ФИФА-гийн албаныхныг Цюрих хотын “Baur au Lac” зочид буудлаас баривчилжээ. Баривчилгааг энгийн хувцастай цагдаа нар тайван замаар хийж гүйцэтгэсэн байна. Энд ФИФА-гийн удирдлагууд ээлжит хурлаа хийхээр цуглаад байсан гэнэ. ФИФА-гийн 10 гаруй албан тушаалтныг мөнгө угаасан, залилан, болон авлигын хэрэгт сэжиглэж ийнхүү баривчилсан нь олон улсад дуулиан дэгдээж байна.

Баривчлагдсан албан тушаалтнуудын дунд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Жеффри Вебб, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дарга асан Эухенио Фигередо, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны дарга бөгөөд ФИФА-гийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэк Варнер, Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эдуардо Ли нар багтаж байгаа аж.

Америкийн холбооны мөрдөн шалгах албаныхан ФИФА-гийн удирдлагуудыг өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний маркетинг, шууд дамжуулах гэрээ болон тэмцээн зохион байгуулах эрх олгохтой холбоотой олон сая ам.долларын авлигын хэрэгт мөрдөн шалгаж байгаа аж.

Энэхүү баривчилгаа нь баасан гаригт болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсноороо олон нийтийн анхаарлыг татаж байна. Эх сурвалжуудын бичиж байгаагаар ФИФА-гийн ерөнхийлөгчид Зепп Блаттер улиран сонгогдох магадлал өндөр байгаа аж.

ФИФА нь 2018 онд ОХУ-д 2022 онд Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээн зохион байгуулах эрх олгосон нь хардлага, маргаан дагуулсаар байна. Эдгээр хоёр орон нь хүний эрх зөрчих асуудлаар олон улсаас шүүмжлэл хүлээдэг юм.

Хамгийн сонирхол дагуулж байгаа нь FIFA-гийн удирдах зөвлөлийн нэр бүхий хүмүүсийг нэг сая ам.долларын хээл хахуулийн асуудлаар сэжиглэн баривчилсан гэж Швейцарийн Хууль зүйн газраас мэдээлсэн байна. Энэ авлига, хээл хахуулийн асуудал нь 1990 оноос эхлэлтэй аж.

Тодруулбал дөрвөн хүнээс гурвыг нь 1989-1999 онд "International Sport and Leisure" (ISL) компаниас 100 сая орчим долларын авлига авсан гэж сэжиглэж байгаа аж.

"ISL" компаниас 175 удаа мөнгө гуйвуулсан нь бүртгэгдсэн нэгэн нууц баримтыг "BBC News" компани нотолгоо болгожээ. Баримтаас үзвэл, Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан, Парагвай улсын иргэн Николас Леос хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг "ISL" компанийн телевизийн сувагт өгөх болзолтойгоор тус компаниас 200 мянга хүртэл долларыг гурван удаа авсан байна.

Харин Бразилийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан Рикардо Тейшейра Лихтенштейнд бүртгэлтэй "Sanud" хэмээх компаниас нийт 9,5 сая долларыг 21 удаагийн шилжүүлгээр авсныг сэтгүүлчид олж мэджээ. Тейшейраг "Sanud" компанитай холбоотой болохыг 2001 онд Бразилийн сенатуудын явуулсан шалгалтаар тогтоосон байна. Тэр үедТейшейра өөрийн компаниудын нэгээр дамжуулан Европын пүүстэй холбоо тогтоож байсныг хууль тогтоогчид илрүүлж байсан юм.

Камеруны иргэн, ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асан Исса Айятугийн нэр бас нууц баримтад орсон байна. Тэрбээр "ISL" компаниас 100 мянган франк буюу 20 мянга гаруй доллар авчээ. Айяту, Тейшейра хоёр мөн л хөл бөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулах болзолтойгоор авлига авсан аж.

Зөвхөн Леос, Тершейра болон Айяту нарыг авлигын сүлжээнд оролцсон тухай үүний өмнө Швейцарийн "Tages-Anzeiger" сонин бичиж байсан боловч "Panorama" хөтөлбөрөөр Тринидада Тобаго улсын иргэн, ФИФА-гийн бас нэгэн дэд ерөнхийлөгч болох Жеке Уорнерын тухай мэдээлэл цацагдсан байна. Тэрбээр 2010 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг дамчдад зарж байжээ. "Panorama" хөтөлбөрт олж авсан нэгэн цахим захидалд дурдсанаар, Уорнер нийтдээ 84 мянган долларын үнэтэй тасалбарууд худалдан авч амжсан боловч хэт өндөр үнэ хэлсэн учраас дамчид тэдгээрийг нь аваагүй байна.

Нэр нь дурдагдсан дээрх дөрвөн түшмэл авлигад өөрсдийг нь буруутгаж буй талаар ярилцлага өгөхөөс татгалзжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ