Шатрын их мастеруудаас 99 шатарчинтай зэрэг тоглолт хийнэ

Энэ жил Монголын төр засгийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа юм. Энэ ойг угтан хийж байгаа ажлуудын нэг нь “Шатар ухаан-2015” улсын хэмжээний шатрын тэмцээн. Уг тэмцээн нь 2015 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд УИХ-ын дэд дарга М.Энхболдын ивээл дор зохиогдоно. Тэмцээний зохион байгуулагчаар “Эх нутгийн иргэд” ТББ, “Монгол туургатны шатрын холбоо”, “Ж.Самбуу сан” болон Төв аймгийн засаг, захиргааны байгууллагууд ажиллаж, ивээн тэтгэгчээр “Нано метал” ХХК, “Мах маркет” ХХК-иуд ажиллаж байна.

Тавдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо эхлэх энэхүү тэмцээн 30, 31-ний өдрүүдэд Ж.Самбуу агсны төрсөн нутаг Төв аймгийн Зуунмод хотноо үргэлжилнэ. Тэмцээнд бүх насны ангиллаар тамирчид оролцож шилдгээ шалгаруулахаас гадна тэмцээний үеэр шатрын их мастеруудаас 99 шатарчинтай зэрэг тоглолт хийн шатрын гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. Мөн энэ үеэр “Хүмүүн” цогцолбор сургууль дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит шатрын танхим нээгдэх ба Ж.Самбуу агсны төрсөн нутаг Бүрэн сумын дунд сургуульд шатрын танхимын техник хэрэгслийг гардуулж өгөх ёслолын ажиллагаа болох юм. Түүнчлэн Төв аймгийн хүүхдүүдэд хүчилтөрөгч бэлэглэх үйлсэд гар бие оролцож шатрын хөлгийн тоогоор 64 модыг “Хүмүүн” цогцолбор сургуулийн цэцэрлэг дотор тарих ажээ.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит шатрын танхим энэ ондоо багтаж Төв аймгийн бүх сумдад нээгдэх юм байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ