Марафоныг 83 шүүгч шүүнэ
Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэлээ дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафон - 2015” олон улсын гүйлтийг зохион байгуулж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг 42195, 21095, 10000, 5000, 1500 метрийн зайтайгаар ирэх сарын 06-ны бямба гаригт зохион байгуулах юм.
Марафон гүйлтийг сургалтанд хамрагдсан 83 шүүгч шүүнэ. Онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.qov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цэг дээр явуулж байна. Дашрамд дуулгахад, 10, 21, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай. Тиймээс эдгээр зайнуудад оролцогчдыг энэ сарын 31-нийг дуустал бүртгэж бүртгэлийг хаана. Харин бусад 5 км болон 1.5 км- ийн зайд гүйгчдийг ирэх сарын 04-нийг дуустал бүртгэх ажээ.
Харин шагнал урамшууллын хувьд гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21095 м, 42195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах аж. Харин5000 м зайд насны ангилал бүрт эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнах юм байна.
Гүйлтийн маршрут:
5000 м:ГАРАА - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж - Чингис зочид буудал – Бөхийн өргөө -Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /БАРИА/
10000 м:Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope"шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /БАРИА/
Хагас болон бүтэн марафон 10000м –ийн тойргоор гүйнэ.
Усны болон эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг Центр поинт, 5 дугаар сургуулийн харалдаа замын урд, Сансарын туннель, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн өмнө тус тус байршуулах юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ