Тэрүнофүжигийн үе эхэллээ
{!!!right!!!}Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё гайхамшигтай сайхан барилдаануудаар дүүрэн болж Токио хотноо өндөрлөөд байна.
Арлын сүмогийн дэвжээнээс талын монголын хүчтэнүүд ээлжлэн төрсөөр, элгэн садан монголчуудаа баярлуулсан цувааг 23 настай Гантулгын Ган-Эрдэнэ үргэлжлүүлж чадлаа.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд найм дахь башёдоо барилдан хамгийн сүүлчийн өдөр цагийг эзэлсэн их аварга Хакухотой өрсөлдсөн өрсөлдөөнөө гайхалтайгаар дуусгаж Японы эзэн хааны цомыг өргөн түрүүлээд байна.
14 дэх өдрийн барилдааны дараа Макүүчи буюу дээд зиндааний тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо озэки Кисеносатод өвдөг шороодсоноор 11 даваа гурван унаатай болж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй даваа унаа тэнцэж ирсэн.
Хэдийгээр энэ хоёр бөхийн ард дөрвөн унаатай зургаан сүмоч байсан ч түрүүлэх хэмжээний өрсөлдөөнд хүрч чадахгүй нь тодорхой болсон.
Башёгийн хамгийн сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын учраа бөхүүдээ хэн давсан нь, хоёул давсан тохиолдолд нэмэлт барилдаан гаргаж хэн ялсан нь энэ удаагийн башёд түрүүлэх нөхцөл байдал үүссэн юм.
Ингээд өчигдөр сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Болгарын сүмоч Айояматай барилдаж давснаар 12 дахь даваагаа авсан.
Харин эцсийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдаж ёритаоши мэхээр өвдөг шороодсоноор хоёр ёкозүна хоёул 11 даваа, 4 унаатай болсон юм.
Хэдийгээр нэг дэвжээний их аварга Харумафүжи Д.Бямбадорж нь өрсөлдөгч бөхийг нь унагаж түрүүлэх замыг нь зассан мэт боловч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 15 өдрийн турш их аваргын хойноос хөөж барилдан үзүүр түрүүний төлөөх өрсөлдөөнд эцсийн мөчид үлдэж чадсан нь асар их хөдөлмөр билээ.
Ингээд энэ башёд озэки цолны болзол сонсоод байсан сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 15 дахь өдрийн өрсөлдөөний дараа 12 даваа гурван унаатайгаар домогт их аваргаа ардаа орхин мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ.
Ёкозүна, озэки бус сэкиваке цолтой бөх дээд зиндаанд түрүүлж байгаа тохиолдол 15 жилийн дараа ийнхүү давтагдаж байгаа аж.
Дээд зиндаанд найм дахь башёдоо барилдаж түрүүлсэн манай сүмоч өдгөө 23 настай. Ийнхүү монгол бөхчүүдийн шинэ үе хүч түрэн гарч ирж үзүүр түрүүний өрсөлдөөнийг хуучин их аваргуудтайгаа ширүүн хийж байгаа нь Японы мэргэжлийн сүмог улам бүр сонирхолтой болгож байгаа юм.
Дараагийн долдугаар сарын башёд гэмтлийн улмаас хоёр башё дараалан өнжөөд байгаа их аварга Какүрюү М.Ананд барилдах нь тодорхой байгаа. Ийм нөхцөлд үзүүр түрүүний төлөөх монгол бөхчүүдийн өрсөлдөөн улам бүр ширүүсэх бөгөөд Хакухо, Харумафүжи, Какүрюү гурван их аварга дээр шинэ үеийн тэргүүллийг эхлүүлж чадсан Тэрүнофүжи болон өндөр цолонд ойрхон бөх Ичиножо А.Ичинноров нар ч энэ өрсөлдөөнд өнгө нэмэх нь дамжиггүй.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн озэки цолны хувьд хэдийгээр 14 даваагүй боловч эзэн хааны цомыг өргөж чадсан гэдэг утгаараа сүмогийн зөвлөл хуралдан цолыг нь өгөх магадлал өндөр байгаа. Цомоо авах мөчид нь ч NHK-гийн сэтгүүлч "озэки цол тань баталгаатай болсон юм бишүү" хэмээн хэлж байсан юм.
Тавдугаар сарын Нацү башёд монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилт
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-4
Ёкозүна Хаүмафүжи Д.Бямбадорж 11-4
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-3
Комүсүби Ичиножу А.Ичинноров 8-7
Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9
Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 9-6
Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 2-13
Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-7
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 7-8
СЭТГЭГДЭЛ БИЧИХ