Хакухо Тэрүнофүжи нарын өрсөлдөөн үргэлжилнэ

Мэргэжлийн сүмогийн Нацү башё өнөөдөр 14 дэх өдрөө Токио хотноо үргэлжилнэ.Энэ сард цолоо ахиулах зорилготой Ичиножо А.Ичиннорoв Точиозантай барилдав. Тэрбээр энэ удаа өөрийн боломжоо ашиглаж чадсангүй, өрсөлдөгчдөө түлхүүлж гарсан юм. Ичиножо сүүлийн хоёр өдөр унахгүй байж чадвал цолоо ахиулах боломжтой болно. Өнөөдөр тэрээр тэргүүлэгчийн нэг болоод байгаа маэгашира Икиойтой барилдах юм.

Харин озэки цолны болзол сонсоод байгаа сэкиваке Тэрүнофүжи Ган-Эрдэнэ маэгашира Такаясүтай барилдаж ээлжит даваагаа авснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд 10 даваа 3 унаатай бичигдсэн хэвээр үлдэв. Нацү башёг 2 унаатай их аварга Хакүхо ганцаараа өчигдрөөс тэргүүлж эхэлсэн юм. Өнөөдөр тэрээр цол ижил Миёгорюүтэй барилдана.

Харин их аварга Хакүхогийн хувьд энэ сар муу барилдаж байгаа озэки Котошогикүг зайлж татан ээлжит даваагаа авсан юм. Өнөөдрийн хувьд их аварга Хакүхо озэки Кисеносатотой барилдана. Сүүлийн хоёр барилдаандаа Хакүхо аварга уналгүй давбал 35 дахь түрүүгээ торолгүй хүртэх юм.

Харин Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж озэки Кисеносатотой барилдаж хүчийг нь дагуулан зайлж татан давсан бол өнөөдөр озэки Котошогикүтэй барилдана.

Башёг тэргүүлж байгаа Их аварга Хакүхогийн араас сэкиваке Тэрүнофүжи, маэгашира Кайсэй, Икой нар 3 унаатай нэхэж яваа. Өнөөдөр болон маргаашийн барилдаанд их аварга болон эдгээр гурван бөхийн хэрхэн барилдахаас Нацү башёгийн ялагч тодрох юм. Ялангуяа Тэрүнофүжи Ган-Эрдэнэ үлдсэн хоёр барилдаандаа даваа авбал Хакухо их аваргын унаанаас шалтгаалан дахин өрсөлдөөнөө үргэлжлүүлж түрүү бөхийн цомын төлөө нэмэлт барилдаан гарах магадлал ч байгаа юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ