Миний эмээ - хордуулагч

Өнгөрсөн аравдугаар сард “VICE” сэтгүүлд хэвлэгдсэн Жон Ридийн “Миний эмээ хордуулагч” нийтлэл цахим ертөнцөд хит болсон юм. Өнгөрсөн оны онцлох нийтлэлийн нэг болсон уг нийтлэлийг орчуулан хүргэж байна. Танай гэр бүлийн гишүүн хордуулагч гэж бодож байвал юу хийх вэ? Юун түрүүнд хоолыг нь идэхээ боль (эшлэл) Би дөрөвтэй ч бил үү, тавтай байхдаа өрөө рүү нь орохдоо эмээгээ уйлаад сууж байгааг хардаг байлаа.

Орныхоо буланд суугаад хайрцагтай цаасан алчуураас аваад л. Тэр үүнийгээ бусдад харуулдаггүй байсан ч харин надаас бол нуудаггүй байлаа. Миний хоёр дахь нэр түүний аавын нэр байснаас гадна гадаад байдлаараа ч би түүнтэй адилхан. Тэр 28-тайдаа арьсны хорт хавдраар нас барсан охин Мартагаа дурсан уйлдагсан.

Арван жилийн дараа түүний бага хүү, 28-тай авга ах маань нас барсан юм. Түүний араас ч мөн уйлдаг байлаа. Эмээгийн эргэн тойронд байнга л хүмүүс үхэж байдаг учраас насан туршид нь үргэлжилсэн түүний эмгэнэлийг ойлгож болно.

Харанхуй хоёр давхартаа өндөр, зөөлөн орондоо шигдчихсэн, хөгшин хүний үнэр ханхлуулсан эмээгээ хараад би эхчүүд гавьяаныхаа хэрээр амьдралаас хүртэж чаддаггүй гэж боддог байсан. Харин одоо би түүнийг алуурчныхаа хувьд хариуцлага хүлээсэн бил үү гэж өөрөөсөө асуудаг. Хэдэн сарын өмнө би эхнэр, хүүхдээ аваад эмээгийндээ зочлохоор гарсан юм. Түүнтэй уулзаагүй жил гаруйн хугацаанд эмээ өөр байранд нүүж орсон байв.

Сүүлд гэрээс нь явахад дүүрэн юмс хөглөрсөн, замбараагүй байсан юм. Харин шинэ эзэд нь байшинг нураасан гэнэ лээ. Намайг дэндүү залуудаа төрүүлсэн эцэг, эх маань намайг эмээ дээр хэдэн долоо хоногоор орхидог байв. Хүүхэд насныхаа нэлээд хэсгийг өнгөрөөсөн тус байшин сэжиг хүрэм байсан. Манай эмээгийн сүүлчийн найз залуугийн эд зүйлс ч тэнд байв. Тэр эд зүйлсээ үлдээгээд нас барсан таван хүний нэг.

Авга эгч, авга ах, өвөө, эмээгийн найз залуугийн эд юмс гэрийн бараг талыг нь эзэлдэг гэж би тооцоолсон юмдаг. Бид нэг өдөр байшингийн хонгилын (basement) номын сангаас наалдамхай улаан шингэн олсон юм. Шингэний лацдаж, багласан шил нь гоёмсог ба сайн хийцийн модон хайрцагтай байв.

Бид үнэтэй, магад эртний зүйл байх гэж бодсон. Гэтэл эртний эдлэлийн дэлгүүрийн хүмүүс бидэнд шингэнээ Хорт бодисын хяналтын төвд өгч устгуулах зөвлөгөө өгч билээ. Хонгилоос бид героин уусгах зориулалттай нэлээд хэдэн хайлсан халбага олсон (эмээгийн зан төлөв хачирхалтайгаар хувирах нь элбэг байв).

Бас арын хашаанаас уут дүүрэн үхсэн амьтан олсон. Уутыг гаднаас нь хараад л амьтны цогцос гэдгийг мэдэж болохоор байсан юм. Гялс шагайгаад ах маань үхсэн яст мэлхийнүүд харснаа хэлэв. Тэд ээжийн маань гэнэт алга болсон таван яст мэлхий байж таарна. Харин би үхсэн шар шувуу харсан.

Үлдсэн нь баахан муур, элбэнх гэж бид таамаглав. Хог новшинд нь ямагт орчихсон явдаг тэднийг адлан хашгирахыг нь бид олон удаа сонссон юмдаг. Тэр байшин доторх хадгалахад харамсам эд зүйлс ч сэтгэлээр унагамаар. Нэгэнтээ чамин байсан царсан сандал, интоорын модон ширээг цагаан будгаар буджээ. Хөгцөнд идэгдсэн хивснүүд, хатсан хоолтой аяга таваг гээд л. Жорлон дүүрэн, уснь татагдаагүй.

Эмээ мөнгө хэмнэхийн тулд жорлонгийн усаа татдаггүй гэдэг байсан ч үнэндээ түүний хувьд юм болгон хэмнэлт байв. Эмээг өмөөрөхөд, тэр Их хямралын үеэр ухаан орсон учраас түүний бодол санаа тэр үедээ үлдсэн.

Үнэндээ хөгширсөн хойноо ч тэр мэдээлэл сайтай, ажигч нэгэн байв. Өрөө бүрт нь радио хангинасан, гэрээ байнга хэрэн алхдаг тэрбээр чавганы шүүсээр үсээ будаж болно, шүдээ угаах боломжгүй бол усаар ч хамаагүй зайлах хэрэгтэйг мэддэг. Би эмээгээс хүүхдүүдийнх нь талаар асуухад Мартаг бүр мэдэх ч үгүй байв. Уулзаагүй энэ хэдэн сард би түүнийг санаагүй учраас онцгой хүлээлт байсангүй.

Гэтэл эрүү нь санжиганасан, бүх шүд нь унах гэж байгаа 94 настай эмээгээ хараад миний тэвчээр алдагдлаа. Хүүхдүүдийн маань хувьд энэ аймшигтай дүр зураг байсан юм. Эмээгээ дуулахыг гуйхад нь тэд герман дуу эхлүүлэв. Тэр дуулах үедээ хүүхэд насандаа эргэж очсон мэт болдог гэсэн. Миний бодлоор түүний толгойд өөр дурсамж байдаггүй байх. Түүнийг ийм байдалтай байхыг нь харах үнэхээр сонин.

Эмээ хүнсний найрлага судлах болсон нь 1960-аад оны үе. Тэр хүнсний найрлага, витамины талаар хоёр ч ном хэвлүүлсэн. Тэр үеэс л тэр хүмүүсийг хордуулж эхэлсэн гэж би боддог юм. Миний таамаг үнэн, эсэхийг би баттай мэдэхгүй.

Түүний яг юуг, яаж найруулдаг байсныг би хэлж чадахгүй. Миний ой ухаанд он удаан жил цугларсан жижиг баримтууд л байна. Миний таамаглаж байгаагаар тэр А витамин (өндөр тунгаар хэрэглэвэл нойр хүргэх, хараа бүрэлзэх, дотор муухай оргих шинж тэмдэг илэрдэг), туулга ашигладаг байсан бол нас явахын хэрээр залхуурахдаа жороор олгодог төрөл бүрийн эмэнд шилжсэн.

Эмээ нэг хоолоо хэзээ ч давтдаггүй байсан бөгөөд түүний хоол итгэмээргүй тостой, хачин байсныг санадаг. Жишээлбэл, абрикостой жигнэсэн тахианы мах, чавгатай жижиглэсэн мах. Хүнсний мухлагийнхан түүнд зориулж халимны элэг хадгалдаг байсан гээд бод. Тэр чиний хамгийн дуртай хүнсний бүтээгдэхүүнээс ихийг аваад уйгагүй хооллож эхэлнэ. Дуртай зайрмагаа идээд чи буйдан дээр унтаад өгнө, галт тэргээ ч мартана.

Гэхдээ эмээгийндээ удах тусам муу зүйлс тохиолдох магадлал улам ихэснэ. Долоо хоногт туйлдатлаа ядарч, суулгаж, хараа чинь бүрэлзэнэ гэж мэд. Эхэндээ эмээгийн хоолыг иддэггүй ганц хүн нь ээж байсан.

Би түүнийг хийрхэж байна гэж боддог байлаа. Гэтэл дараа нь би эмээгийнд очих болгондоо буйдан дээр юм уу, галт тэргэнд сэрэх тэнхэлгүй унтдагаа ажигласан юм. Би эмээгийн хоолноос татгалзахад ах намайг сүржигнэж байна гэж зэмлэдэг ч намайг ухаангүй унтдагаа больсны дараа тэр ч эмээгийн хоолыг идэхээ больсон.

Эмээ нь өөрийг нь хордуулж байгаад хүн итгэхийг хүсэхгүй нь мэдээж. Сэтгэл татам эмээ чинь чамд хайртайд эргэлзэх хэрэггүй. Тэр чамайг хордуулахыг яахин хүсэх билээ. Тиймд эргэлзээ чинь тайлагдтал хэдэн ч удаа хамаагүй ухаан алдана. Гэвч хэсэг хугацааны дараа бид эмээгийнд зоогийн газраас авсан хоол, хүнстэйгээ ирэх болсон юм.

Тэр үед эмээгийн хараа муудсан байсан учраас загастай хоолон дээр нь байгаа цагаан нунтгийг олж харж хардаггүй байлаа. Энэ байдлаас "Бид зочид, гаднын хүмүүст эмээгийн хоолыг идэх хэрэггүй гэж яаж хэлэх вэ? гэсэн асуулт урган гарсан юм. Нэг удаа ах маань найз охиноо дагуулж ирэв. Эмээ хоол хийхгүй гэсэн учраас бид ч тэр талаар юм дурдсангүй.

Гэтэл өдрийн хоолны дараа эмээ үзэмтэй овъёосон жигнэмэг гаргаад ирэх нь тэр. Жигд бус, булцуутай тэдгээр жигнэмэг тун ч эвгүй харагдсан ч ахын найз охин нэрэлхсэндээ хоёрыг идэхийг нь бид хоёр балмагдан харж суулаа. Харамсалтай нь жүжигчин бүсгүй тэр өдөр сургуулилалтдаа очиж чадаагүй юм.

Эмээ маань яах гэж биднийг хордуулдаг байв? Манай ээж эмээг Мюнхаузений хам шинжтэй (асарч байгаа хүнээ хордуулж, зориуд өвдүүлэх, гэмтээх шинж тэмдэг бүхий сэтгэлзүйн эмгэг) гэдэг байв. Би өөрөө юу гэж боддог вэ гэж үү? Эмээ хэнийг ч гэмтээх гээгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ тэр нойрсуулах эм хоолонд минь хийсэн бол намайг битгий яваасай гэсэндээ тэгсэн байж таарна.

Заримдаа өөрийг нь шаналгасан зүйлсийг эмээ хурдан шийдвэрлэдэг байв. Ээж хэсэг хугацаанд эмээтэй амьдрахаар очихдоо нохой, яст мэлхий, усан гахай, муур гээд олон амьтантай байсан нь ээлж дараагаараа өвчилж үхсэн.

Тэгээд бас эмээгийн сүүлийн найз залуу Жо. Тэр Атланик-Ситигийн мөрийтэй тоглоомын газарт тэтгэврийн мөнгөө үрчихээд эмээг шаналгадаг байв. Түүний хөл гэмтсэний дараа эмээ зогсоо зайгүй асрах хэрэгтэй болсон талаараа гомдоллон залгадаг байлаа. Удалгүй тэр үхсэн. Эмээгийн аав өндөр, царайлаг залуу байсан гэдэг. Ээж нь аавтай нь 17-тойдоо суусан бөгөөд дөрвөн охин, нэг хүү төрүүлжээ.

Их хямрал эхлэхэд Бруклиний үйлдвэрт ажилладаг эцгийг нь халсан аж. Үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн дараа гэмтсэн тэрбээр гэртээ ирсэнгүй. Эмээ анхны нөхөр Ирвингтэйгээ 20 жил амьдраад салсан түүхтэй. Нэлээд хожим бодоход, тэр эмээг дарамталдаг байсан байх. Далан настай байхдаа тэр кадиллакаа унаж яваад осолдсон. Тэр жолооны ард унтсан, эсвэл жолооных нь дороос олдсон отвертканы буруу гэнэ лээ.

Түүний толгой хүнд гэмтсэн ч шазруун еврей эр дөрвөн жилийн дараа сэргэж, саажилттай арван жил амьдарчээ. Өвөөг үхсэний дараа хөрөнгийг нь бизнесийн хамтрагчид, хоёр дахь эхнэр нь хувааж авсан. Хорь гаруйхан насандаа хорт хавдартай болсон эмээгийн хамгийн том хүүхэд Марта ганцаараа хавдартай байсангүй.

Эмээгийн хоёр дахь нөхөр Аарон мөн л хавдраар өнгөрсөн юм. Тэр зөндөө идээд л байсан мөртлөө нүдэн дээр эцэж турсаар, алга болсон. Гэхдээ энэ байдал өвчинтэй нь л холбоотой байж болно шүү дээ. Оршуулгын цувааны дараагийн хүн нь эмээгийн ганц хүү Норман. Тэр үнэхээр “бүтэлгүй этгээд” байлаа.

Надаас найман насаар ахмад Норман намайг байнга зовоож, эд зүйлсийг маань хулгайлж, эвдэлдэг байв. Тэр шөнө унтаж байхад минь барьцаалаад арабуудад зарна гэдэгсэн. Үсэрхэг, жинхэнэ еврей төрхтэй авга ахыг цэнхэр нүд, шар үстэй эмээ маань таалдаггүй байсан учраас Норман надад атаархдаг байсан байх.

Эмээ түүнд том тавагтай хоол өгөөд идэх үү гэж асууна. Норман таргалахгүйн тулд үгүй гэдэг ч эмээ шахаж байгаад идүүлээд, дараа нь тарган гэж доромжилдог байлаа. Норман зэвсэгт дуртай байсан. Тэр нум сум, сүх гэхчлэн зэвсэг цуглуулдаг байсан ба бүгд түүнээс айдаг байлаа. Урт хэт хутга бариад байшин тойрч гүйхэд нь бид өрөө өрөөндөө нуугддагсан. Намайг долоотой байхад метан хэр хүчтэйг харуулах гэж гар дээр минь гал асааж билээ. Метаныг шатаахад миний гар өвдөөгүй ч хамаг үсийг минь хуйхалсан. Нэг удаа мөн л тэнд өсвөр насны хэдэн хүүхэд над руу дайрч, учир зүггүй зодсон юм. Ээж маань тэднийг Норман явуулсан гэсэн. Норман маш ухаантай нэгэн байсныг би хэлсэн бил үү? Тэр юу л бол юуг хийж чаддаг байсан. Намайг наймтай байхад тэр дэлгүүрээс компьютерийн эд анги аваад угсарч чадна гэсэн.

Тэр чадсан шүү. 1980-аад оны сүүлчээр, 25-тай байхдаа Норман эмээтэй амьдарсан хэвээр байв. Тэр амьдралаа цэгцлэх гэж оролдож байлаа. Норман турж, найз охинтой болсон бөгөөд “сүлжээнд холбогдсон” компьютертэй холбоотой ажил хийнэ гэдэг сэн. Интернэт тэр үед дэлгэрээгүй байлаа. Норман усанд шумбах дуртай байв. Тэр маскаа зүүгээд усны хөнөгт унтдаг, завь хөлслөөд энд тэнд сөнөсөн хөлгийн үлдэгдлийн зургийг авдаг байлаа. Осол болсон өдөр тэр завь хөлслөн далайд гарахаар төлөвлөсөн байв.

Эмээ дэндүү үнэтэй гэж түүний хообийг шүүмжилдэг байсан юм. Тэр ахыг явуулах хүсэлгүй байсан учраас ямар нэг юм уулгачихсан гэж би боддог. Тэр өглөө авга ахын бие тун тавгүй байсан учраас өвдчихөж хэмээн ярьж байсан ч хамтрагч нь ятгасаар дагуулан явсан юм. Усан дор байхдаа тэр шумбалтын хэрэгслээ тохируулж чадаагүй тул живж үхсэн. Тэр багажаа өөрөө тохируулдаг байсан учир гэнэт алдаа гарсан байж магадгүй (тэр маш ухаантай гэж байсан даа). Ямартай ч түүний хамтрагч ганцаараа сэлж гарсан.

Бид яагаад Норман усан дор үлдсэнийг ойлгоогүй. Хүчилтөрөгч хангалтгүй байсан уу, амьсгалаа түгжээд сэлж гарах тэнхэлгүй байсан ч юм уу, онгоцны сэгэнд тээглэсэн үү, бид мэдэхгүй. Аврах дохионы зориулалтаар ашигладаг далбаагаа тэр хөөргөсөн ч аврах багийнхан ирээгүй юм. Дараахан нь эхнэр маань зулбасан. Энэ дурсамжийг бичих гэж хуучин дэвтрээ үзтэлээ би энэ тухай онцгойлон бодоогүй.

Бас л нэгэн “шог” тохиолдол. Гэхдээ би “шог” гэх ёсгүй л байх л даа. Манай эхнэр жирэмсэн болсноо хэлэхэд эмээ "Та нар дахиад нэг хүн тэжээж чадахгүй" гээд “бөөн юм” болсон. Эхнэр зулбахын өмнөхөн бид тэднийд зочилсон юм. Хэдийгээр эхнэр эмээгийн хоолноос холуурхан байсан ч амссан тохиолдол бий. Тэгээд ч жирэмсний сүүл үед зулбах магадлал бага байдаг. Гэхдээ энэ цэвэр тохиолдол байж болно л доо. Дараа нь бид хүүхэдтэй болсон. Эмээ баяр хүргэхээр ирэхдээ хайч авчирсан. Тэр нь том, эмнэлгийн, хурц иртэй хайч.

Өөр нэг өдөр эмээ манайд ирэхдээ 15 лааз манжин авчирсан юм. Түүнд манжин хэрэглэх олон жор байсан, бас наранцэцгийн үр тэнд нь багтана. Тэр манжин, наранцэцгийн үртэй зайрмаг бодож олсноороо их л бахархаад зөв найрлагатай хэмээн магтав. Би компьютертээ “Лаазтай манжин, наранцэцгийн үр” гэж бичихэд Google “Даруй устгах бүтээгдэхүүн” гэсэн хариу барив. Эмээгийн хийдэг бүхэн тэр ангилалд багтах ёстой байх. Энэ түүхийг минь уншаад хүмүүс намайг яагаад юу ч хийгээгүйд гайхсан байх. Үнэндээ сэтгэлзүйн хувьд энэ бүхнийг нэгтгэж харахад хэцүү. Тэгээд ч жаахан байсан би сайн ойлгодоггүй байлаа.

Намайг унтуулахдаа эмээ тосорхог, шингэн халуун шоколад өгдөг байсан. Харин сэрэхэд хэдийнэ 24, бүр 72 цаг өнгөрсөн байдаг. Гурав, дөрвөн ч удаа шөнө дунд би амьсгалж чадахаа больж, эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ тэгж олон өдрөөр унтах нь хэвийн биш гэдгийг, дээрх нь тохиолдлын зүйл биш байсныг, эмээгийнд хонохдоо л шөнө дунд амьсгал боогдож сэрдгийн учрыг би 30 хүрээд л ойлгосон юм. Тэгээд юу гэж?

Эмээгийн найз залуу Жо нас барсны дараа би цагдаагийнханд эмээ үүнд холбоотой гэхэд тэд “Тэгээд чи биднийг яа гэж байгаа юм?” гэж асуусан удаатай. Одоо би энэ талаар дахин дурсахдаа энэ хэрэг явдлыг сайтар тунгаах ёстой гэж боддог. Энэ түүхэнд төгсгөл байх ёстой юм шиг. Нэг бол би өнгөрснөө хүлээн зөвшөөрөөд, түүнийг уучлах, үгүй бол шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнийг илчлэх. Одоо байшин нь үгүй болчихсон учраас нэгжлэг хийх аргагүй болсон. Хэн ч шарил цогцос эрээгүй, эмээ ч өөрөө юу хийснээ мэдэхгүй байгаа. Тэгэхээр сүр дуулиантай төгсгөл ирэхгүй гэсэн үг. Эмээгээ хүүхдүүдтэй минь дуулж суугааг хараад, болсон бүхнийг тоохгүй байгаагаа би ойлгосон. Хэн ч тэр тухай бодохгүй байгаа.

Яг л кино шиг, энэ бүхнийг эргэцүүлж, шалгана гэдэг зөвхөн цагдаа, эмч нарын ажил мэт. Саяхан би эмээгийнхээ тухай ярьж байсан найзтайгаа уулзсан юм. Тэрбээр эмээ маань намайг хөнөөж магадгүй байсныг дурдахад би гайхаж билээ. “Яалаа гэж дээ” гэж намайг хэлэхэд тэр “Чиний амьсгал боогдоод байгаагүй бил үү? Шөнө дунд эмнэлэгт хүргэгдсэнээ сана даа. Тэр чамайг гэмтээгээгүй, гэхдээ эрхэндээ байлгахыг оролдсон. Ер нь бол гэмтээж чадах л байсан” гэв. Эмээ үүнд юу гэж хариулах байсан бол? Тэр хэлэхийг хүссэн ч чадахгүй байсан байх. Тэр өөртөө ч хүртэл оньсого байлаа.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/176_5662

СЭТГЭГДЭЛ БИЧИХ