Яндарбиевын мөрөөр
2004 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Катарын нийслэл Доха хотын баячууд амьдардаг коттеж бүхий ад-Дафна дүүрэгт болсон үйл явдлыг катарчууд дурсахыг хүсдэггүй билээ. Баасан гарагийн үд дундын мөргөлийг төв дуганд үйлдсэнийхээ дараа Катарын эмирын хувийн зочин, Чеченийн экс Ерөнхийлөгч Зелимхан Яндарбиев өөрийн жийп машинаар гэртээ харьж явжээ. Дуганаас 200 метр холдоод түүний жийп дэлбэрсэн юм. Машин дотор Яндарбиевээс гадна хоёр бие хамгаалагч, түүний хүү Дауд нар сууж явжээ. Тэрхүү дэлбэрэлтээс амьд гарч дөнгөсөн цорын ганц хүн бол Дауд. Хамгаалагчид нь тэр дороо нас барсан бол Яндарбиев албан ёсны мэдээлэлд дурдсанаар хожим эмнэлэгт таалал төгссөн гэдэг.
Ноён Яндарбиевын аллагад сэжиглэгдэн Оросын гурван туршуул баривчлагдсан гэх мэдээлэл орон нутгийн сонинуудад хоёрхон өгүүлбэрт багтаж хэвлэгджээ. Үүгээр энэ шуугиан тарьсан хэрэг үндсэндээ дуусгавар болсон билээ. Тэрхүү аллагыг бараг тэр даруй мартаж орхисон юм. Үнэндээ бол мартахыг маш ихээр мэрийжээ.
Катарын хэвлэл мэдээллийн байгууллагууд, шүүх болон өмгөөлөгчид маш бүрхэг байсан багавтар мэдээллийг нуун дарагдуулж, энэ хэргийг учир битүүлэг болгохын тулд чадах бүхнээ хийж байсан аж. Яндарбиевын аллагад буруутгагдсан Оросын хоёр иргэний үйлдэл, аяллын талаар маш бага мэдээлэл ил болов. Гурав дахь хүн нь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан байсан юм. Мэдээллийн дийлэнх хэсэг нь цуу яриа байжээ. Дэлбэрэлт болсноос хойш хоёр долоон хоногийн дараа баттай тодорхой болсон цөөн тооны баримтуудын нэг бол ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас хийсэн албан ёсны мэдэгдэл билээ. Доха хотод болсон алан хядах ажиллагаанаас өмнөхөн Катар дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд тус улсын тусгай албадын хоёр ажилтан томилолтоор очсон гэнэ. Тэдэнд дипломат паспорт байгаагүй учраас мань хоёр тус улсад нэвтрэхдээ ямар нэг эрсдэлээс хамгаалагдсан зүйлгүй байсан аж.
Оросын “Коммерсант” сонины сэтгүүлч тэдгээр туршуулуудын замналаар аялахаар шийдвэрлэв. Ингээд хожим аяллынхаа талаар нийтлэл бичсэн юм. Сэтгүүлч эрийн тус улсад нэвтрэх зөвшөөрөл буюу виза дээр паспортын дугаарыг буруу бичсэн байв. Катарын визийг паспортны хуудсан дээр наадаггүй бөгөөд тусдаа салангид хуудас байдаг аж. Ганцхан тоо зөрүүлж бичээгүй, харин зургаан тооноос 3-4 нь худал бичигдсэн байжээ. Тийм учраас хилийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр түүнийг хайр найргүй эргүүлж харуулаад ийм асуудлуудтай хүмүүсийг шалгаж нягталдаг тусгай ажилтан руу илгээв.
Тэнд тусгай офицерт багагүй тооны “үйлчлүүлэгч” байсан юм. Тэгдээрийн дийлэнх нь тус улсад нэвтрэх гэсэн европ зүгийн зүс царайтай хүмүүс байв. Тиймээс үүнтэй яг ижил байдал Катарт очсон Оросын хоёр туршуулд тохиолдсон гэх магадлал тийм ч бага биш юм. Алдаа, зөрүү яагаад гарсныг тогтоох ажиллагаа явагдах үеэр сэтгүүлч эр цэргийн дүрэмт хувцастай болон ард хувцастай хүмүүст өөрийгөө хэн болох, ямар зорилгоор тус улсад ирсэн гэдгээ арав орчим удаа тодорхой тайлбарлах хэрэг гарав. Ингээд тус улсад сэмхэн нэвтрэх гэсэн оролдлого талаар болжээ. Сэтгүүлч эр нэлээн зүдэрсний эцэст хилийн дээс алхав.
Washington Post сонинд бичсэнээр бол Оросын хоёр туршуулын хийсэн дараагийн алхам бол автомашинтай болох асуудал байжээ. Сонинд бичсэнээр бол тэд мини-вэн түрээсээр авсан гэнэ. Тус улсад машин түрээсээр авч унах нь маш хялбар зүйл аж. Доха хотын нисэх онгоцны буудал дээр машин түрээслэхийг санал болгогч үй олон агентлагууд байрладаг юм. Түрээсээр машин авч унахын тулд паспортын хэрэг байхгүй. Зээлийн карт юм уу жолооны үнэмлэхээ үзүүлэхэд л хангалттай. Машин түрээслэж авсан явдал хожим оросуудын буруутайг нотлох гол баримт болжээ. Ажиглалтын видео камерууд тэднийг хэргийн газар дээр харагдсан машинд сууж байгааг нь бичиж авсан байна. Доха хотын нисэх онгоцны буудал дээр хяналтын камер цөөн байдаг ч түрээслэгдэж буй автомашинуудын зогсоол дээр нэлээн олон камер суурилуулагджээ.
Барууны хэвлэлүүдэд итгэх юм бол дараа нь Оросын тагнуулчид үүрэн гар утас түрээсээр авсан гэнэ. Оросын үүрэн холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд Катарын Q-tel гэдэг монополь эрхтэй компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй аж. Хэвлэлд бичсэнээр бол хоёр туршуул санаанаасаа зохиосон европ хүний нэрээр тэр гар утаснуудыг түрээслэн авчээ.
Харин сэтгүүлч эр гар утас түрээслэж аваагүй бөгөөд тэнд очоод худалдаж авсан Q-tel компанийн сим картыг өөрийн утсандаа хийсэн байна. Гэхдээ карт худалдан авах үед түүнээс эхлээд паспортоо үзүүлэхийг шаардсан бөгөөд түүнгүйгээр ямар нэг үйлчилгээ үзүүлэхээс эрс татгалзжээ. Сэтгүүлч эрд мэдээж хэрэг санаанаасаа зохиосон нэртэй паспорт байгаагүй учраас ил цагаандаа гарч өөрийнхөө паспортыг ашиглахад хүрэв. Оросын туршуулууд энэ байдлыг яаж аргалсан нь ойлгомжгүй хэвээр үлдсэн юм. Тэд халхавчин дор ажиллаж байсан гэвэл машинаа ч хуурамч жолооны эрхээр түрээслэн авсан гэсэн үг билээ. Хэрэв ингэсэн тохиолдолд тэд яах гэж дараа нь Оросын Элчин сайдын яам руу явсан байж таарах вэ?
Аллагад бэлтгэх дараагийн үйл явцыг сэтгүүлч алгасахад хүрсэн юм. Тэрбээр тэсрэх бодис хайсангүй. Катарын мөрдөн байцаагчдын таамагласнаар бол тэсрэх бодисыг тус улсад Саудын Арабаар дамжуулж нэвтрүүлжээ. Дипломат албаны илгээмж Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Фетисовын нэр дээр ирсэн гэдэг. Түүнийг тэрхүү алан хядлагад хамсан оролцсонд буруутгасан билээ.
Тогтсон өдөр буюу баасан гараг болоход үд дундын мөргөл болохоос өмнө сэтгүүлч эр Зелимхан Яндарбиевын амьдарч байсан чинээлэг хүмүүс амьдардаг ад-Дафна дүүргийг зорьжээ. Ад-Дафна бол манайхаар Зайсан толгой орчмын орон сууцны хороолол юм. Энэ дүүрэг хотын захад орших боловч хамгийн шинэ, чамин орон сууцтай хороолол билээ. Энд тансаг зэрэглэлийн хувийн харшууд байрладаг бөгөөд тэдгээрийн нэгэнд Чеченийн экс Ерөнхийлөгч амьдардаг байв. Мөн энд Элчин сайдын яамдууд оршдог бөгөөд дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын орон сууц байрладаг аж. Тэдгээрийн нэгэнд тусгай албадын ажилтнууд амьдарч байсан бололтой. Тэндээс ноён Яндарбиевын амьдарч байсан байшин хүртэл машинаар 10 минут хүрэхгүй хугацаанд давхиж хүрнэ.
Чеченийн экс удирдагчийн амьдарч байсан байшинг олоход маш хялбар гэнэ. Зелимхан Яндарбиев нууцлаг амьдралыг сонгоогүй бөгөөд гадаадын тэр дундаа Оросын сэтгүүлчидтэй үе үе уулздаг байжээ. Тэгэхээр түүний араас мөрдөж байсан тагнуулчид мань хүнийг баасан гараг бүр хаана очиж мөргөл үйлддэгийг нь сайн мэдэж байсан байж таарна.
Нөхцөл байдлыг тагнахын тулд сэтгүүлч эр баасан гарагт хэргийн газар дээр буюу дуганы дэргэд эрт буюу 10 цаг 30 минутын орчимд очжээ. Түүний нүдэнд тухайн дүүргийн өөр нэг онцлог байдал туссан аж. Өдгөө тэнд чамин барилга, байшингууд сүндэрлэсэн бол хэдхэн жилийн өмнө энд элсэн цөл байсан юм. Чамин сууцнууд болон элсэн цөлийн хооронд тодорхой хэмжээний зай талбай үлджээ. Зарим газар нь түүнийг асфальтаар хучсан бол үлдсэн нь унаган төрхөөрөө хадгалагдав. Тэгэхээр энд нуугдах газар үгүй гэсэн үг. Өвс, ногоо, бут сөөг, мод зэрэг нь хувийн орон сууцнуудын эдлэн газар дээр л ургана. Зам дээр хурцаар шарах наран тусна. Мэдээж, энэ хавьд явган хүмүүс харагдахгүй. Учир нь, тэндхийн оршин суугчид явганаар явдаггүй юм.
Дуганы эргэн тойрны нөхцөл байдлыг тагнахдаа сэтгүүлч эр хэн нэгэнд бараг харагдсангүй. Мөргөлчид хараахан ирээгүй байсан бөгөөд орох хаалганы дэргэд хоёр пакистан эр зогсч үзэгдэв. Тэд сэтгүүлч эрийн зүг гайхсан харцаар харжээ. Хоёр минутын дараа тэд дэргэдүүр өнгөрч явсан жижиг ачааны машинд үсэрч суугаад хаашаа ч юм явж одов.
Зогсоол дээгүүр жаал хөлхөөд сэтгүүлч эр ч хэсэг хугацаанд алга болохоор шийджээ. Тэрбээр нутгийн иргэдэд баасан гарагийн мөргөлөө хийхээр цугларах боломжийг олгохоор болов. Нэг цаг орчмын дараа машины зогсоол бараг битүү дүүрсэн аж. Зелимхан Яндарбиевын хөлөглөж байсан Toyota Land Cruiser автомашин гэхэд л арав гаруй ширхэг харагджээ. Туршилтын журмаар сэтгүүлч эр тэдгээр машины нэгэн дээр дөхөж очоод үүргэвчнээсээ бал гаргаад доогуур нь чулуудаж орхив. Дараа нь доош тонгойгоод машин доогуур гараа шургуулж нааш цааш болгоод балаа авч цүнхлэв. Түүний энэ үйлдлийг хэн ч анзаарсангүй.
Зелимхан Яндарбиевыг хороосны дараа нэг долоон хоногийн өмнө мөргөлийн үеэр машины хөгжмөө хулгайд алдсан нутгийн нэгэн цагдаа тэр хар баасан гарагт машины зогсоолыг ажиглахаар шийдсэн бөгөөд сэжиг бүхий шар толгойтой хоёр хүнийг харсан гэх яриа гарчээ. Тэгвэл арабуудын хувьд славян гаралтай зүс царайтай хүн гэсэн ойлголт байдаггүй юм. Харин тэд европ төрхтэй хүмүүсийг шар толгойтнууд гэж дууддаг байна. Эндхийн хүмүүс европчуудыг ижил царайтай гэдэгт итгэлтэй байдаг аж. Тэгэхлээр тэд испани хүнийг финн эрээс ялгаж чадна гэдэг хүндрэлтэй зүйл.
Тэгэхлээр тэр цагдаа зогсоол дээр байсан үл таних хүмүүсийг чухам яаж славян гаралтай гэдгийг нь тодорхойлсон нь оньсого хэвээр үлджээ. Мөн тэрбээр тэднийг хэрхэн таньж мэдсэн нь ойлгомжгүй хэвээр үлдсэн билээ. Катарын “Ар-Райя” сонинд бичсэнээр бол хоёр туршуул аллага болох өдөр танигдахгүйн тулд хар сахал наасан бөгөөд Sheraton зочид буудлын дэргэд сойлттой байсан түрээсийн машиндаа суусан гэдэг. Тэд тэндээ Элчин сайдын яамны машиныг орхисон аж. Дараа нь тэсрэх бөмбөгийг Зелимхан Яндарбиевын машин доогуур шургуулж бэхэлжээ. Дэлбэрэлтийн дараа хоёр туршуул гэмт хэргийн газрыг тэр даруй орхиогүй бөгөөд болж буй үйл явдлыг ажиглаж зогссон гэнэ. Шуурхай ирсэн сэтгүүлчид ч тэдний гэрэл зургийг авч амжжээ.
Мөргөлийн сүмээс сэтгүүлч эр Элчин сайдын яамны ажилтнуудын байрыг зорьсон байна. Тэнд Элчин сайдын яаманд харъяалагддаг тусгай албадын ажилтнууд амьдарч байсан бололтой. Катарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр бол тагнуулчид чухам тэнд л хүчнийхэнд баривчлагдсан аж. Харин дипломатч Фетисовыг өөр газар саатуулсан гэдэг.
Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын оршин суудаг байрнуудад ойртох үеэр хаанаас ч юм нэг цагдаа гарч ирээд сэтгүүлч эрээс бичиг баримтаа үзүүлэхийг шаарджээ. Паспортыг нь үзэж шалгаад тэр цагдаа сэтгүүлч эрээс аль буудалд буусныг нь асуугаад илүү дутуу юм нэхэлгүйгээр явуулжээ. Тэрбээр “Та энд юу хийж явна вэ? Үүгээр явж болохгүй. Зочид буудалдаа оч. Өнөөдөр амралтын өдөр. Амраач дээ” гэж хэлсэнгүй.
Сэтгүүлч эр түүний үгэнд орон такси барихаар явжээ. Харин цагдаа эр цааш эргэн Элчин сайдын яамны орон сууцнуудыг харгалзахаар одов. Ийнхүү сэтгүүлч эрийн ажиллагаа бүрэн бүтэлгүйтэв. Тэр үеэр баасан гарагийн мөргөлийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байсан юм. Хэрэв Оросын туршуулуудын үйлдэл сэтгүүлчийнхээс ялгагдаагүй бол Оросын тусгай албадын явуулсан тэрхүү ажиллагаа жинхэнэ бүтэлгүйтэл дагуулсан зүйлд тооцогдох ёстой билээ.
Хоёрдугаар сарын 18-нд Оросын хоёр туршуулыг баривчилжээ. Тэднээс мэдүүлэг авч эхлэв. Дөрвөн хоногийн туршид тэд нэг л зүйлийг давтан хэлж байлаа. Тэд өөрсдийгөө Оросын Элчин сайдын яаманд ажиллахаар ирсэн техникийн ажилтнууд хэмээн хэлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны техникийн асуудал хариуцсан ажилтнууд бөгөөд техник, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байгаагаа өгүүлэв. Гэтэл дараа нь хоёрдугаар сарын 22-ны өдөр гэнэт тусгай албадын ажилтнууд гэдгээ хүлээсэн аж. Тэдний өмгөөлөгч Мохсен ас-Сувейди оросууд зодуур, яргалал амссан тул ингэж хэлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлжээ.
Үүнээс дөрөв хоногийн дараа тухайн үед Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байсан Игорь Иванов Катарт баривчлагдсан Оросын иргэд ОХУ-ын тусгай албадын ажилтнууд байсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдгээр туршуулууд Элчин сайдын яаманд томилолтоор очсон бөгөөд Катар улсад олон улсын алан хядах ажиллагаатай холбоотой асуудалд мэдээлэл, шинжилгээний ажил хийхээр томилогдсон болохыг өгүүлжээ.
Дөрөвдүгээр сарын 13-нд Катарын “Ар-Райя” сонин нэгэн шуугиан тарьсан мэдээллийг нийтлэв. Тэр мэдээнд Катарт баривчлагдсан Оросын хоёр иргэнд Зелимхан Яндарбиевыг устгах тушаалыг тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Иванов биечлэн өгсөн гэжээ. “Ар-Райя” сонины сурвалжлагч Самих аль-Каид хэргийг хянан хэлэлцэх хуралдааны үеэр яллах дүгнэлтийг бүрэн эхээр нь харж дөнгөсөн гэнэ. Тэндээс л мань хүн ийм дүгнэлт хийхэд хүрсэн бололтой. Энэ нь эмиратын засаг захиргааны бодож, төлөвлөсөн үйл ажиллагаа байв уу гэдэг нь асуулт хэвээр үлджээ. Тус сонинд бичсэн нийтлэлээс үзвэл сайд Сергей Иванов өөрийн ажилтан Александр гэгчид тэрхүү халдлагыг зохион байгуулахын тулд Оросын нэгэн тусгай албаны хоёр офицерыг татан оролцуулахыг даалгасан аж.
Александр гэдэг нь Катарт ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тус улсыг 2004 оны гуравдугаар сард орхин гарсан Александр Фетисов байж магадгүй юм. Ичкерийн экс ерөнхийлөгчийн араас Оросын нэгэн хиймэл дагуулыг ашиглан мөрдөж байсан гэнэ. Харин гаднах ажиглалтыг Оросын Элчин сайдын яамны Евгений гэдэг нэртэй нэгэн ажилтан явуулж байжээ. Ноён Яндарбиевыг устгах ажиллагааг гүйцэлдүүлэхээр алсын зайн удирдлагатай тэсрэх төхөөрөмжийг тусгайлан бэлтгэсэн аж. Тэсрэх бодисын хувиар түүнд пластитыг ашиглажээ.
Өмгөөлөгчид нь өөрсдийн хамгаалж буй хүмүүсээ өмөөрөхийн тулд янз бүрийн сэжүүрийг гаргаж ирж байлаа. Яллах дүгнэлтийг голчлон тэдгээр туршуулуудын хөлөглөж байсан машиныг мөргөлийн дуганы ойролцоо зогсч байсныг нь харсан гэдэг дээр тулгуурлан үйлджээ. Мэдээж хэрэг, тэднийг Яндарбиевын жийп машины доогуур орж тэсрэх төхөөрөмжөө бэхлэж байгааг харсан хүн олдоогүй юм. Гэхдээ шүүх заавал тийм хүмүүс байх хэрэгтэй гэж үзээгүй билээ.
Өмгөөлөгчдийн өгүүлснээр бол ОХУ-ын иргэд болох Анатолий Белашков, Василий Богачев буюу Пугачев нар тухайн машиныг пүрэв гарагт түрээслэн авсан бөгөөд тус улсаар аялах зориулалтаар үүнийг хийсэн аж. Гэвч тэр гайт баасан гарагт Элчин сайдын яаман дээр Москвагаас нэгэн удирдах албан тушаалтан ирсэн учраас тэд аяллаа хойшлуулахад хүрсэн гэнэ. Тийм учраас баасан гарагт нь тэд машинаа эздэд нь буцааж өгөн аяллаа дараагийн амралтын өдрүүдээр хийхээр хойшлуулжээ.
Тэднийг автомашин түрээслүүлдэг агентлагт машинаа буцааж өгөхөөр иртэл цаадахь нь хаалттай байсан аж. Тэд хаалган дээрх хуваарь дээр байсан утасны дугаараар залган хаана машинаа орхиж болохыг асуужээ. Дараа нь тэр утсан ярианаас болж баривчлагдсан байна. Q-tel компанийнхан тус агентлаг руу ямар дугаараас залгасныг мэдээлжээ. Ингээд дугаарыг шүүж үзтэл хэн залгасан нь тодорхой болов.
Гэхдээ өмгөөлөгчдийн энэ ов мэх, арга заль ёс төдий зүйл болсон гэдгийг хүн бүхэн ойлгож байлаа. Оросын иргэдэд цаазаар авах ял юм уу бүх насаар нь хорих шийтгэл хүлээлгэж магадгүй байсан юм. Ийнхүү энэ асуудал улс төрийн дээд түвшинд шийдвэрлэгдэх хэрэгтэй болсон билээ. Хоёр иргэнээ тусгай албаны ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас Оросын удирдлага тэднийгээ аврахын тулд ямар нэг зүйл хийх зайлшгүй шаардлагатай байсан нь ойлгомжтой. 2004 оны зунжин, намаржин өндөр дээд түвшинд хоёр улсын хооронд яриа хэлэлцээр өрнөсөн аж. Тэр хойгуур Катар улсын шүүх тэдэнд шоронд 25 жил хоригдох ял оноожээ.
2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Катарын шүүхээс Чеченийн удирдагч Зелимхан Яндарбиевын амь насанд халдсан хэрэгт буруутгагдсан Оросын тусгай албаны хоёр ажилтныг эх нутагт нь эргүүлж авчрах ажиллагааг явуулсан билээ. Хагас жилийн туршид ОХУ болон Катар улсууд ялтан солилцох тухай гэрээ байгуулах талаар ярилцсаны эцэст түүнийг үзэглэсэн байна. Шөнө дундын нислэгээр хоёр хоригдлыг Доха хотоос Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд хүргэжээ.
“Катар улс Оросын Засгийн газраас тавьсан хүсэлтийг хүлээж авахаар шийдвэрлэв. Тэдгээр хүмүүс Катарын шүүхээс олгосон ялын үлдсэн хугацааг эх нутагтаа өнгөрүүлэх юм. Бид ялтан солилцох гэрээ байгуулсны дагуу энэ алхмыг хийж байна” гэж эмиратын Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан аж. Үүнээс хэдэн цагийн дараа Оросын хоёр иргэнийг эх нутагт нь авчирсан гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар батласан юм. Яг тэр мөчид Оросын туршуулууд хөлөг онгоцноос бууж байлаа. Тэднийг ихэд хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд хаашаа ч юм авч явжээ. Анатолий Белашков, Василий Пугачев нарын цаашдын хувь заяаны талаар тэр цагаас хойш ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ