Монгол эмэгтэй Солонгост хүний амь хөнөөхөөр завджээ

Өмнөд Солонгос улсын Чонжү хотын цагдаагийн газар тус хотод оршин суугч Монгол улсын иргэн эмэгтэй Б-г (31) хүний амь хөнөөхөөр завдсан хэрэгт холбогдуулан саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллээ.

Тэрбээр өнгөрсөн 16-ны өдрийн өглөөний 07.00 цагийн орчим хамтран амьдрагч Монгол залуу Г-тэй (33) маргалдаж түүнийг цааш харан зогсож байхад араас нь гал тогооны хутгаар нуруу, хүзүү, цээж, мөр зэрэг рүү нь олон удаа хутгалж хүнд бэртээсэн хэрэг үйлджээ.

Иргэн Г эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдал амь насанд нь аюулгүй болсон байна. Тэрбээр Солонгос улсад хууль бусаар амьдарч байсан тул цагдаагийн газарт гэмт хэрэг үйлдсэн хамтран амьдрагч эмэгтэйн тухай үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байсан ажээ.

"Солонгос улсад гэмт хэргийн хохирогч болж буй гадаадын иргэдийн хэргийг хуулийн дагуу бүртгэн авч хэргийг шийдэхдээ тухайн хүний хууль бусаар оршин сууж буй байдал болон хувийн мэдээлэл, гэр, ажлын хаяг зэргийг нууцална гэсэн журам байдаг.Хохирогчид уг журмыг сайтар ойлгуулсаны дараа үнэн зөв мэдэээллийг авч хамтран амьдрагч эмэгтэйг нь саатууллаа" гэж хэргийг шалгаж байгаа Чонжү хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Хохирогч эрэгтэй Г нь 2008 онд Солонгос улсад нэг сарын хугацаатай аялал жуулчлалын визээр очсон боловч визийн хугацаандаа эх орондоо буцалгүй Солонгос улсад хууль бусаар амьдарч байжээ. Хамтран амьдрагч бүсгүй нь түүний энэ байдлыг ашиглан маргалдсан үедээ " Цагдаагийн газар мэдүүлж эх оронд нь буцаалгана" гэх мэтээр дарамталдаг байсан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ