Бага насны охиныг удаа дараа хүчирхийлсэн ламд ял оноолоо
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлджээ.
Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 44 настай уг этгээд нь мөрдөн байцаалтаас зайлсхийж явах үедээ нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан ба аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Дээрх хэрэгт Булган аймгийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан ба 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж сум дундын 4-р шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хаалттай хуралдаанаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 06 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ