И.В.Сталины үхэл хэнд ашигтай байсан бэ?

«АУГАА УДИРДАГЧ»-ИЙН ТӨГСГӨЛ

1953 оны гуравдугаар сарын 1-нд удирдагчийн ойр дотны хүмүүсийн «дөрвөл» болох Дотоод явдлын яамны сайд Берия, Батлан хамгаалах яамны сайд Николай Булганин, Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Георгий Маленков болон Москва хотын бөгөөд мужийн Намын Хорооны дарга Никита Хрущев нар өглөөний дөрвөн цаг хүртэл Сталины Ближняя зуслангийн байранд сууж ярилцсан аж. Сталин өөрөө бага зэрэг гүрж дарс уусан боловч урьдын адил өөрийн зочдыг ерөөл болгоны дараа урдахаа дуустал хөнтөрч байхыг анхааралтай ажиглаж суулаа.

Тэрбээр цочирдож цухалдсан нь илэрхий байв. Аугаа удирдагч Маленков болоод Берияд сэтгэл дундуур байгаагаа нуухгүй байсан гэдэг. Хрущевд ч гэсэн оногджээ. Ганцхан Булганины талаар л тэр ганц ч үг ганхийсэнгүй. Тэгтэл эзэн зочдоо явж болно гэсэн дохио өгсөн байна. Бүгд рүү нь хүйтэн гэгч нь дохиод Сталин амралтын өрөө рүүгээ явж одов. Маленков, Берия хоёр цуг харин Булганин, Хрущев нар машинд суужээ.

Өглөө болов. Бериягийн томилсон хамгаалалтынхан Сталины амар тайван байдлыг алдагдуулах эрхгүй байлаа. Түүн дээр дуудаагүй байхад нь орох ямар ч аргагүй байв. Удирдагч сэрснийг илтгэн цонхоор хөдөлгөөн үзэгддэг байсан гэдэг. Харин энэ удаад хамгаалагч Рыбин, Старостин нар хий дэмий л цонхнууд руу харж зогслоо. Бүх юм нам тайван байв. Төдөлгүй тэд өөрийн эрхгүй сандралдаж эхэлжээ. Гэтэл 18 цаг 30 минутад Иосиф Виссарионовичийн өрөөнд гэрэл гялсхийлээ. Хамгаалагч нар ч тайвшран, гүнзгий амьсгалсан аж. Сталин гэрэл асаасныхаа дараа ихэвчлэн утас цохин, өөртөө шуудан, хэвлэл авчрахыг тушаадаг байв. Утасдахыг нь хүлээсэн боловч таг чимээгүй хэвээр байлаа. Энэ бүхэн нэг л ер бусын санагджээ. Цаг хугацаа ч өнгөрсөн хэвээр. Хамгаалалтынхан яах учраа мэдэхгүй балмагдсан хэвээр байв. 22 цагт байшинд мөн л нам гүм байдал ноёрхсоор байсан аж. Гэтэл хамгаалагч нар Сталин дээр явж орохоор шийджээ. Старостин шуудан, бичиг баримтуудыг аваад байшинд явж орлоо.

Тэрбээр замдаа гэрэл асаасаар хэд хэдэн өрөөг ардаа орхив. Хамгийн эцэст тэрбээр бага гал зууханд хүрчээ. Гэрэл асаатал тэрбээр унтлагын өмд, дотуур цамцтайгаа газар тэрийн хэвтэх Сталиныг хараад алмайрч орхисон гэдэг. Удирдагч Старостинд ямар нэгэн ойлгомжгүй дохио зангаа үзүүлэхийг оролдсон боловч гар нь түүнд захирагдахгүй байв. Сталин юу ч дуугарч чадсангүй.

Старостин дуудсанаар бусад хүмүүс ч гэсэн гүйж ирлээ. Тэд Сталиныг буйдан дээр хэвтрүүлэв. Тэрбээр ямар нэг зүйлийг өгүүлэх гэсэн боловч амнаас нь ойлгоход бэрх дуу авиа гарч байсан аж. Тэгтэл хамгаалалтынхан дахиад л юу хийхээ мэдэхгүй хэсэг балмагджээ. Тэгээд Москва хотын эмнэлгийн Игнатьев руу утасдахаар шийдсэн байна. Цаадах нь Рыбины ойлгомж муутайхан яриаг сонссоны эцэст Берия, Маленков нар руу утасдахыг зөвлөв. Берияг олоогүй бөгөөд Маленков түүнгүйгээр ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй гэж утсаар хэлжээ.

Тэгтэл шөнийн гурван цагт Берия, Маленков нар зусланд ирэв. Берия нэлээн халаалттай байлаа. Маленков гутлаа тайлаад өлмий дээрээ Сталин дээр явж оржээ. Буйдан дээр хэвтэн хүндхэн дуу авиа гаргаж буй хүнийг хараад тэрбээр Берия дээр эргэн гарч ирэв. Үйлчлэгчид эмч дуудах эсэхийг асуулаа. «Та нар юундаа сандралдаад байгаа юм? Нөхөр Сталин гүн нойрсч буйг та нар харахгүй байна уу? Эндээс зайлцгаа!» гэж Берия хашгирав.

Берия, Маленков нар удирдагчид ямар ч туслалцаа үзүүлэлгүйгээр явж оджээ. Өглөөний есөн цагт л сая нэг юм дахиад Берия, Маленков, Хрущев болоод Улс төрийн товчооны бусад гишүүд эмч нарыг дагуулан ирсэн байна.

Арчаагүй дорой хэвтэх Сталиныг тойроод сандралдаан дэгдэв. Эрүү болон хүзүүнд нь хануур хорхой тавин, кардиограммын зураг авч уушгинд нь рентген зураг хийв. Үүний зэрэгцээ сувилагч бүсгүй ямар нэгэн тариануудыг хийж байлаа. Эцэст нь эмч нар оношоо тавьсан нь инсульт буюу зүрхний шигдээс өвчин гэжээ. Төдөлгүй Сталины хүүхдүүд болох Василий, Светлана хоёрыг дуудуулав.

Василий «Новшнууд, эцгийг минь алчихлаа!» гэж хашгирч байлаа. Харин Светлана аавынхаа дэргэд суун гараас нь барилжээ. Сталин ямар ч ухаангүй байв. Заримдаа тэрбээр ухаан орж буй мэт санагдаж байсан гэдэг.

Тэр болгонд Берия түүн дээр дөхөж очоод чанга дуугаар «Нөхөр Сталин! Энд Улс Төрийн Товчооны бүх гишүүд ирцгээсэн байна. Бидэнд ямар нэг юм хэлээч» гэдэг байв.

Сталины сүүлчийн хормуудын тухай түүний охин Светлана «Найздаа бичсэн хорин захидал» номондоо өгүүлсөн билээ. «Уур амьсгал, ер нь бүх юм аймшигтай байсан.

Тэр байдал бидний нүдэн дээр түүнийг багалзуурдаж байсан юм. Тэгтэл гэнэт тэрбээр нүдээ нээн, эргэн тойрондоо буй хүмүүсийг бүгдийг нь тойруулж харав. Тэр бол их аймшигтай харц байлаа. Нэг бол галзуурсан мэт, нөгөө бол догшин ширүүн эсвэл үхлээс айсан тийм л харц байв.

Тэрхүү харц бид бүгдийг хормын дотор тойруулж нэг харсан. Гэнэт тэрбээр арай ядан хөдөлж байсан зүүн гараа дээш өргөн нэг тийшээ заасан ч юм уу, эсвэл биднийг занасан байдалтай дохисон юм. Тэр зангаа ямар ч ойлгомжгүй мөртлөө сүрдмээр байсан билээ. Үүний дараа оюун санаа нь сүүлчийнхээ чадлыг гарган биеэс нь гарч явсан» гэж Светлана өгүүлсэн байдаг. Тэгэхэд 1953 оны гуравдугаар сарын 5-ны есөн цаг 50 минут болж байлаа.

КРЕМЛ ДЭХ НУУЦ ЯВУУЛГА

1952 оны аравдугаар сарын 16-нд Төв Хорооны Бүгд хурал болсон бөгөөд Сталин түүн дээр сунжирсан урт үг хэлжээ. Тэрбээр өөрийгөө нас өндөр болсон тул түүний эхлүүлсэн үйл хэргийг өөр хүмүүс үргэлжлүүлэх цаг хугацаа ирж байна хэмээв. Гадаад бодлогынхоо зарим нэг асуудлыг хөндөхдөө тэрбээр гэнэт Молотов, Микоян нарын зүг хатуу үг хэлээд авчээ. Сталин тэднийг өөрийг нь амарч байх үеэр ажилдаа ноцтой дутагдлууд гаргасан гэж шүүмжилсэн аж.

Танхимд нам гүм байдал ноёрхсон хэвээр байлаа. Молотов, Микоян нарын нүүр цав цагаан болсон гэдэг. Бүгд хурлыг даргалан явуулж байсан Маленковын нүүр царай ч гэсэн зэвхий даан үхсэн хүнийх шиг болжээ. Сталин өөрийг нь Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн үг хэлж эхэлтэл Маленков шууд л гараа өргөсөн байна. Энэхүү үйл хөдлөл нь нэг ёсны гуйлт байсан нь тодорхой юм. Тэрбээр ингэснээрээ хуралд оролцогсдоос Сталины хүсэлтийг эрс эсэргүүцэхийг уриалсан гэлтэй. Тэгэнгүүт танхимд «Үгүй, үгүй, болохгүй. Үлдэхийг хүсч байна» гэсэн үгс чангаар сонсогдов.

Маленков гүнзгий амьсгаа авлаа. Одоо түүний царай дөнгөж саяхан тэрбээр томхон аюулаас аврагдаж хоцорсон мэт гэрэлтэж байсан юм. Учир нь, хэрэв Бүгд хурал Сталины аюултай саналыг дэмжсэн бол Маленков хурал даргалж байсныхаа хувьд үүнийг өөрийн бөндгөрөөрөө хариуцах байсан билээ.

СТАЛИНЫ ҮХЭЛД БЕРИЯ ХОЛБООТОЙ ЮУ?

Сталин үхлээ хүлээн дэмийрч байх үеэр Бериягийн хийж байсан үйлдлүүд нь эргэн тойрны хүмүүст багаар бодоход их сонин санагдсан аж. Тэрбээр удирдагчийн үхлийг баяртайгаар тэсч ядан хүлээж, толгойндоо ямар нэгэн төлөвлөгөө боловсруулж буй нь мэдрэгдэж байлаа. Аугаа жолоодогчийг Лаврентий Павлович хорлосон юм биш биз гэсэн яриа, сэжиг ч гарсан гэдэг. Үнэн, үгүй нь тодорхойгүй хэвээр үлдсэн боловч Берия нь Иосиф Виссарионовичийг энэ хорвоо дэлхий дээр амьд үлдээхгүйн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийсэн нь тодорхой байв.


Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Георгий Маленков, Дотоод явдлын яамны сайд Л.Берия

Сталин үнэхээр муудаж эхлэнгүүт Берия гэнэт хэдэн цагаар Кремль рүү давхиж одсон гэдэг. Тэрбээр үтэр түргэн Кремлийг зорих болсон нь Сталины сейфнээс өөртэйгээ холбоотой болон жолоодогч хэнд улс орныг удирдах үүргийг оногдуулан гэрээслэснийг илтгэх бичиг баримтуудыг авах гэсэн эрмэлзэлтэй холбоотой байсан хэмээн хожим нь ярьцгаасан аж. Хэрэв Сталины гэрээслэл олдсон бол түүний сүүлчийн хүслийг хэн ч эсэргүүцэж чадахгүй байлаа. Энэ нь Берияд ойлгомжтой байв.

Хэдэн цагийн дараа Ближняя зусланд эргэж очоод Берия Сталины өвчний тухай Засгийн газрын мэдээллийг бэлэн болгон, түүний өвчний явцын талаарх мэдээ хэвлэхийг шаардсан аж. Жолоодогчийн өвчний тухай эхний мэдээлэлд Сталин өөрийн Москва дахь гэрт харвалт өгсөн бөгөөд энэ нь нэг дэх өдрийн өглөө эрт болсон гэж өгүүлсэн байлаа. Гэтэл Сталин ням гаригийн үдэш харвалт өгчээ.

Сталиныг нас барахад Берия баяр баяслаа барьж чадаагүй гэдэг. Түүнд Засгийн эрхийг гартаа оруулах боломж гарч ирсэн нь тэр. Гэтэл 1953 оны зургаадугаар сард тэрбээр баривлагдан, эх орноосоо урвагч хэмээн зарлагдсан билээ. Харин богино хугацаанд болсон хаалттай шүүх хуралдааны дараа түүний ялыг сонсгосон даруйд буудан хороожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ