Эдийн засаг сэхээнд орох уу

Монголын эдийн засаг хамгийн хүнд үедээ ирээд байгааг олон эдийн засагчид, улстөрчид онцолж байна. Цаг мөч өнгөрөх тусам саар мэдээ ирсээр л байна.

Тавантолгойгоо гацаалаа, одоо Олон улсын валютын сангаас олгодог "Стэнд бай"-д орохоос аргагүй боллоо гэлцэж байтал шулуухандаа манай өрсөлдөгч Казакстан хойд өмнөд хоёр хөршийн маань зууны гэгдэх мега төслүүдийг булааж авсаар байна.

Шинхуа нь ч авсан хэн нь ч авсан Тавантолгойн нүүрсний борлогдох гол зах зээл болсон Хятад улс агаарын бохирдол зэрэг олон шалтгаанаас болоод түүхий нүүрснээс татгалзаж Австралийн угаасан, баяжуулсан нүүрсийг л авах боллоо гэх мэтчилэн саар мэдээ тасрахгүй нь.

Ч.Сайханбилэг багагүй хугацааны өмнө Оюутолгой, Тавантолгой төслүүдээ нэгэнт хөдөлгөхөөр бүх зүйл цэгцэрсэн тухай сайхан мэдээг ард түмэндээ дуулгасан ч ард нь хэнийх нь зөв бэ гэдэг тоглоомоор улстөрчид наадаж өнөөдрийн байдалд хүргэж орхилоо. Саарал ордондоо талцаж хор найруулаад зогсохгүй нийт ард түмнээ хоёр хувааснаар улстөрчид өнөөдрийн эдийн засаг ангалын ирмэг дээр ирснийг балчир хүүхэд ч мэдэхээр боллоо.

Ямар ч байсан Ардчилсан нам өөрийн эрх барьж байгаа хугацаандаа Тавантолгойг хөдөлгөхөө өнгөрөв болтой гэж хүмүүс амаа барин шогширч байна. Яаж ийгээд зохицоод ард түмнийхээ эрх ашигт нийцсэн гэрээ хэлцэл байгуулаад явсан бол өнөөдөр "Стэнд бай" хөтөлбөр авах уу үгүй юу гэдэг дээрээ арай ч тулахгүй байхсан.

Ерөнхий сайд "Стэнд бай" хөтөлбөрийг авах уу үгүй юу гэдгээ шийдэхэд хүнд байгаа. Засагт эвсэж орсон Ардын нам бол ард түмний амьжиргаа яаж ч дордсон, эдийн засаг ямар ч хүнд байдалд орсон өрсөлдөгчийнх нь нэр хүнд л унаж байвал хамаагүй гэдэг улс. Тиймээс ч хүнд цаг үед эвсэж орсон Засгаа өрөөсөн талаас нь дэмнэх биш харин ч гарч орохоороо, унагахаараа айлгаж байдлыг улам хүндрүүлж байгаа.

Тавантолгойгоос ялгаатай нь Оюутолгой төслийн гэрээ үндэсний эрх ашигт харшлахгүй, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаад оруулчихсан, нэгэнт хийгдчихсэн, засаж сайжруулж тохиролцох асуудал л байгаа боловч улстөрчид бас л гацаанд оруулж байна. Үнэхээр харамсалтай.

МАХН-ын хувьд Н.Энхбаярын дараагийн хөзөр ямар байхаас шалтгаалан чимээгүй суусаар л байгаа. Бие даагчид өчигдөр хэвлэлийнхнийг цуглуулж мэдээлэл хийхдээ "Стэнд бай" авах нь муугийн туйл боловч одоо авахаас аргагүй боллоо хэмээж байна.

"Стэнд бай" хөтөлбөр нь Олон улсын валютын сангаас эдийн засаг нь дампуурсан эсвэл дампуурлын ирмэгт ирсэн орнуудад олгодог богино хугацааны зээл бөгөөд энэ зээлээ олгосон хугацаандаа заавал мөрдөх санхүүгийн хатуу нөхцөл, шаардлагыг тогтоодог. Хүүгийн хувьд бол Чингис, Самурайгаас ч өндөр хамгийн гол нь энэхүү эдийн засгийн амь тариагаа тарихдаа ОУВС Монгол төрийн бүх санхүү эдийн засгийн бодлого үйлчилгээг гартаа атгана гэсэн үг. Энэ нь тийм ч хүсээд байх юм биш гэдгийг бид мэддэг. Иргэдийн түрийвчийг ч улам л нимгэлж, бүсийг нь чангалдаг.

"Стэнд бай"-д орсноос ядаж Оюутолгойгоо хөдөлгөсөн бол эдийн засгийн хувьд хол илүү үр дүнтэй, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байсныг учир мэдэх эдийн засагчид хэлсээр байгаа.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ