“Өгөөмөр босс” 6400 ажилтнаа Францад аялууллаа

Сүлжээний бизнесээрээ алдартай Хятадын “Тяньши” группийн эзэн Ли Жинюан дэлхийн хамгийн өгөөмөр босс гэдэг нэртэй боллоо. Тэрбээр компанийнхаа 6400 ажилтныг Францын Парис хотноо аяллаар явуулж, амраасан нь интернэт ертөнцөд шуугиан тарилаа.

Ли Жинюан компанийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан нийт боловсон хүчнийхээ тал хувийг Францаар аялуулахаар шийдсэнээр “Тяньши”-гийн ажилтнууд дэлхийн аялал жуулчлалын түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй группийг үүсгэж, дэлхийн рекорд тогтоолоо. 'Tiens' dream is Nice' буюу “Тяньшигийн мөрөөдөл ” сайхан гэсэн уриатай аялагчдын багийн 6000 гишүүн бүгд цэнхэр өнгийн малгай, богино ханцуйтай цамцаар ижилсэн Францаар аялсан нь олны нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Ажилтнууддаа зориулан “Тяньши” компани Парист 140 зочид буудлыг бүтнээр нь захиалсан бөгөөд Луврын музей, Эйффелийн цамхагаас эхлээд Францын үзэх ёстой бүх түүхт дурсгалт газраар зочлуулсан байна. Аялагчид Парисаар аялснаас гадна алдарт Азурын эрэгт 4-5 одтой зочид буудалд очиж амарсан байна.

Бүх ажилтнаа энэ үзэсгэлэнт газар амраахын тулд Ли Жинюан Канн болон Монако дахь 4-5 одтой 79 зочид буудалд 4760 өрөө захиалжээ. Энэхүү аварга том аяллын хөтөлбөрийн зөвхөн Парис дахь зардал гэхэд 13 сая, Ницца хот дахь зардал 20 сая ам.доллар давсан гэдэг тооцоог хэвлэлүүд хийж байна.Нэг дор 6000 ажилтнаа хилийн чанадад аялуулах санааг гаргасан Ли Жинюан “Форбс”-ын тэрбумтнуудын жагсаалтад багтдаг, Хятадын тэргүүн баячуудын нэг юм. Тэрбумтан Ли Жинюаний удирддаг Tiens Group нь биотехнологиос эхлээд аялал жуулчлал, косметик гээд маш олон салбарт ажилладаг бөгөөд 20 жилийнхээ ойгоор компанийхаа ажилтнуудын талыг ийнхүү баярлуулсан байна. Аялагчид Францын Канн хот болон Монакогийн вант улсад 5000 өрөө хөлсөлснөөс гадна Парисын 140 зочид буудлыг бүхлээр нь авчээ. Тэдэнд Луврын музей үзүүлж, Мулан Ружийн шоуг сонирхуулсан гэнэ. Тэд зүгээр нэг аялсангүй, дэлхийн хамгийн урт хүнээр бүтээсэн өгүүлбэрийг үүсгэж Гиннессийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.

Эх сурвалж: Garag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ