Д.Пүрэвдавааг АТГ-т дахин шалгаж эхэлжээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ийн зарим төлөөлөгчийн гомдлоор 2014 онд тус дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг төлөөлөгч нартаа хувиарласан 20 сая төгрөг буюу нийт 700 сая төгрөгийг намдаа хандив болгон завшсан, хууль бусаар газар олгосон, 80 сая төгрөгөөр өөрийгөө сурталчилсан ном тараасан зэрэг үйлдлийг нь шалгуулахаар АТГ-т өгч байсан. Гэвч тухайн үед энэхүү асуудлыг АТГ яаж шийдвэрлэсэн нь олон нийтэд тодорхойгүйгээр замхарсан. Харин өдгөө Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. 2015 оны 5-р сарын 4-нд тус дүүргийн Өмч, Газрын харилцааны дарга Н.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Тодорхой эх сурвалжийн өгүүлж байгаагаар өмч, газрын харилцааны дарга ажлаас халагдсан болон Засаг дарга нь АТГ-т дуудагдсан асуудлууд хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Нэгэн үе аймгуудын Засаг дарга нар бөөн бөөнөөрөө АТГ-т дуудагдаж, олон дарга ял авсан муу түүх мартагдаж амжаагүй байхад Ардчилсан намын засаг дарга нар авлига, хээл хахуулийн дуулианд өртөөд эхэллээ.

Энэ нь аль, аль намууд төрийн алба хаах өндөр ёс суртахуунгүй, мэдлэг чадвар дутмаг боловч зөвхөн дарга нарт таалагдсан улс төрчдийг албан тушаалд томилж байгаагийн үр дагавар гэж үзэхээс өөр аргагүй байна. Ер нь Д.Пүрэвдаваагийн талаар ажлынхаа өрөөнд ихэвчлэн согтуу байдаг, бусдыг зодож дарамталдаг, Баянзүрхийн бүх ТҮЦ-ийг шахааны амбаараар солихыг санаархаж байна гэх мэт мэдээллүүд ар араасаа гарсаар байгаа билээ.

А.Гал

Эх сурвалж: Undesten.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ