"УИХ-ын цом 2015" шатрын тэмцээний шилдэгүүд тодорлоо
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам болж байна. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд бямба гарагт /2015.05.09/ хөл бөмбөг, ширээний теннисний тэмцээн болж, шилдэг багуудыг тодруулсан юм. Харин өчигдөр /2015.05.10/ шатрын тэмцээн Төрийн ордонд боллоо.
Шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар гэсэн 9 байгууллагын 8 баг оролцож байгаа юм. Багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр оюун ухаанаа сорьж, тойргийн журмаар 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа.
“УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх тэмцээний шатрын спортын төрлийг Нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар удирдан явуулсан. Тэмцээний шилдэг багаар нийт 15, тоглолтын 17.5 оноогоор Монголбанкны баг тамирчид тэргүүлсэн. Хоёрдугаар байрт нийт 15 оноо, тоглолтын 16.5 оноогоор Улсын Их Хурлын Тамгын газрын баг тамирчид, гуравдугаар байрт 12 оноогоор Авлигатай тэмцэх газрын баг тамирчид шалгарлаа.
Шатрын тэмцээн гурван хэсгээр зохион байгуулагдсан бөгөөд энэ жил хэсгийн шилдэг тамирчдыг шалгаруулж буйгаараа онцлогтой. Улсын Их Хурлын Тамгын газрын тамирчин Г.Алтан Оч 7.5 оноогоор I хэсгийн шилдэг тамирчнаар шалгарсан бол II хэсгийг Авлигатай тэмцэх газрын тамирчин Г.Жамц 7 оноогоор, III хэсгийг Монголбанкны тамирчин Т.Ариунзул 7 оноогоор тэргүүлсэн юм.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл нь нийтийн биеийн тамир байх талаар тусгасан УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 24-ний 95 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын дунд шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулдаг уламжлалтай хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ