Тунгалаг бүсгүйн мөрөөдөл биелжээ
Нэгэн гэгээн сайхан мэдээ цахим орчинд тарж буйг бид өнөөдөр онцоллоо. “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд төрсөн эцгийнхээ халамжинд өсөж буй аж. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” хэмээн бор гэртээ цэмцийж суусан тэр бүсгүйн дүр төрх, үг үйлдлийг одоо ч хүмүүс дурссаар байдаг. Хөвгүүдэд юу тохиолдсон бэ?
"Танайд хоноё" шилдэг нэвтрүүлэг байж чадсан. Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд аавынхаа асрамжид өсч байна
ХОЁР ХҮҮ НЬ ААВЫНХАА АСРАМЖИНД ХАМТДАА АМЬДАРЧ БАЙНА
Одоогоос долоон жилийн тэртээ Тунгалаг бүсгүй хүнд өвчний улмаас хоёр бяцхан хүүгээ орхин хорвоогоос буцсан. Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хатуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийн маргааш “MN 25 дугаар суваг” телевиз дээр бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогссон. Гуравхан цагийн дотор 10 сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон. Архи уудаг хэцүү нөхөд ч “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлан Тунгалаг бүсгүйд 100 төгрөг гэлтгүй байгаа мөнгөө өгч байсан ажээ.
Сэхээний орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй бүсгүй “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдсаныг бодох тусам сэтгэл эмтрэх. “Над шиг мянга мянган Тунгалаг байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулъя. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж ярьж байсан нь түүний сүүлчийн мөрөөдөл хүсэл байж.
“Үхтэл үр харам” гэдэг. Бүсгүй эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэж байхдаа “Миний хоёр хүү гэртээ байгаа. Хүмүүсээс цэцэрлэгт явуулах уу, сувилалд байлгах уу” гэсэн саналууд ирсэн. Одоохондоо зөвшөөрөөгүй. Хамгийн гол зорилго маань эдгэрэх учраас хоёр хүүгээ одоохондоо гэртээ байх нь дээр гэж үзээд хүн гуйгаад харуулж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор эдгэрээд ирнэ гээд л хүлээж байгаа байх” хэмээн санаашран өгүүлсэн гэдэг. Зовлонт амьдралын хатуу буулганд цөхрөөгүй Тунгалаг бүсгүй монголчуудынхаа өрөвч нинжин, өгөөмөр сэтгэлд гүнээ талархсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ