Хулгайлсан пиццагаа цагдаа нарт шахжээ
Аляска мужийн Гамбелл гэдэг жижигхэн хотын цагдаа нар энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өглөөний 10 цагийн орчим тэндхийн нэгэн дэлгүүрийн агуулахад хулгай орж, хөлдөөсөн 80 пицца алга болсон гэх мэдээллийг хүлээж авчээ.
Цагдаа нар хулгайч нарыг эрж хайх гэж зовоогүй аж. Маргааш өдөр нь цагдаагийн хэсэг рүү нэгэн эрэгтэй утасдаад пицца худалдаж авахыг санал болгосон байна.
Дуудлага хаанаас ирснийг цагдаа нар тогтоогоод 29 настай Жон Кузаат, 21 настай Льюис Узева нарын гэрт зочилжээ. Тэдний гэрээс цагдаа нар хулгайлагдсан 80 пиццаны 75-ыг нь олсон гэнэ. Хөлдөөсөн пиццануудын нийт үнэ 1100 доллар болсон аж. Сайн эрсийг баривчилсан бөгөөд орон нутгийн шоронд хорьжээ. Үлдсэн пиццаг дэлгүүрт буцааж өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ