Оросын хөлөг маргааш дэлхийд унана
Удирдлагагүй болсон Оросын сансарын хөлөг маргааш /V.7/ Москвагийн цагаар 01:23-11:55 цагийн хооронд дэлхийд унахыг “Роскосмос” мэдээлэв. Дэлхий рүү аажмаар дөхсөөр буй сансрын хөлөг агаар мандалд орж ирмэгцээ дэлбэрч, хэдэн хэсэг болж хуваагдах аж. “Progress M-27M” сансрын хөлгийн хэсгүүд газарт бус далайд унаж байж хор хөнөөл багатай байх гэнэ.
ОХУ-ын нисгэгчгүй “Progress M-27M” сансрын хөлөг олон улсын сансрын станцад ажиллаж буй хүмүүст хүнс болон бусад хангамжийг хүргэхээр өнгөрсөн долоо хоногт хөөрсөн юм. Сансрын хөлөг Казахстанаас өнгөрсөн мягмар гаригт /IV.28/ хөөрсөн бөгөөд удалгүй удирдлагагүй болжээ.
Тус сансрын хөлөгт хоол хүнс, шатахуун, хүчилтөрөгч, сэлбэг хэрэгсэл, шинжлэх ухааны туршилт хийх тоног төхөөрөмж зэрэг 3 тонн гаруй ачаа байгаа аж. Дараагийн ачаа хүргэлтийн хөлгийг ирэх зургадугаар сарын 19-нөөс өмнө явуулах боломжгүй гэж НАСА мэдэгджээ. Ослын улмаас Роскосмос 2.59 тэрбум рублийн хохирол амссан байна.
Өмнө нь 2011 онд “Progress” сансрын хөлгийн өмнөх загвар Сибириэс хөөрснийхөө дараа унаж дэлбэрч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ