Жагаа яагаад хоцорсон бэ
Тавантолгойн асуудлаар толгойтой болгон дуугарч буйг хараад Жагаа, “Би яаж дутах вэ. Алив бүжиглэе” гэсээр ажлаасаа гарчээ. Шууд ярилцлагад орохоор хэдий яарч байсан боловч нэгэн ажилчин нь ажилдаа хоцорч ирэхийг хараад мань хүн учиргүй уурлаж буланд отож байгаад дэгээ тавьж унагаан, баахан өшиглөв. Улмаар Жагаа бугуйн цагаа хартал шууд ярилцлагын цаг нэлээд дөхснийг мэдээд яаран гарсан боловч жолооч нь машинаа явах зүгт эргүүлж тавиагүй баахан маневр хийж таарсан тул мөн л уурсав. Жолооч нь даргынхаа занг мэдэх учир зодуулахгүй байхыг эрмэлзэх нь дамжиггүй. Тэр хоёр арваад минутын турш машинаа тойрон хөөцөлдөв. Ингээд нэг мэдэхэд Жагаа Ийгл тв дээр ирэх цагаасаа 20 орчим минут хоцорч мориллоо.
Харин Ийгл-ийнхэн Мэдээний цаг нь тулсан тул сэтгүүлч залуу “Жагаа ах та дандаа хоцордог” хэмээн хэлээд жаахан гөжүүдлээд авчээ. Ингээд л Жагаа телевизийн сэтгүүлчийн биед халдав. Халдлагыг босоо байрлалаас үйлдсэн юм. Халдлагын дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайханы “Эр хүний хүчирхийлэлд өртсөн хүн гомо болдог” хэмээх онч үгийг олон хүн санацгаасан бөгөөд сэтгүүлч залуу тун царайлаг нэгэн байсанд харамссан “Отгон тэнгэр” дээд сургуулийн оюутан охид Жагааг зүхсээр Төрийн ордны гадаа очиход сургуулийн эзэн Д.Оюунхорол тэднийг дэмий юм хийлээ, “Отгон тэнгэр”-ээс надаас өөр улстөрч эмэгтэй төрөх ёсгүй хэмээн бодсоор дүнгээр нь бооно хэмээн сүрдүүлсэн тул жагсаал тэгсхийгээд тарав.
Мөнхүү хэсэг залуус Жагаагийн цохилтыг шанаадах, алгадах, мангасдахын ялгааг үлгэрлэн үзүүлсэнд талархаж, Аргагүй олон оймс элээжээ хэмээн магтах зуур “Буян” компанийн ноолууран цамцны борлуулалт эрс өсөж ирэх өвөл дулаан өвөлжинө хэмээн хөлсөө чийхруулан юүтүб үзэх залуус хотын гудамжны интернет кафег дүүргэв. Хамгийн чухал нь Жагаагийн тэрхүү техниктэй цохилтыг удаашруулан харахад Ийгл тв-ийн HD камер тун фокусгүй бичиж авсан байгаагаас харахад тэр жилийн Хүрэлсүхийн шанаадалтаас дутахааргүй хурдтай байсныг илтгэх ажаам. Мөн ойрын өдрүүдэд Тавантолгойн асуудлаас болж Монголыг тун анхааралтай ажиж буй урд хөршийн Төрийн өмчийн компаниудын шинжээч, эдийн засагч нар Жагаагийн хятад маягийн тулааны урлагийг санагдуулам баруун гарын тэрхүү хүчтэй нудралтыг Шао Линаас гаралтай “Өвс ачсан бярууг номхтгохуй” хэмээх чадвар, эсвэл Мөрөн гол даяар алдаршсан тулаанч нарын нэргүй техникүүдтэй жишин зүйрлэж байв.
Харин Жагаа болохоороо хөөрхий сэтгүүлчийг кадраас гартал нь нүүрэнд нь буулгасан атлаа зурагтаар ард түмэнд хайр зарласан нь шүүмжлэлд өртөх юм гэж хэн санах билээ. Учир нь Жагаа сэтгүүлч хүн ч гэсэн ард түмний нэгээхэн хэсэг гэдгийг мэдэлгүй, студийн тоног төхөөрөмжүүдтэй нь андуурсан гэж дараа нь буруугаа хүлээхдээ хэлжээ.
Ер нь бол Жагаа Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байхад дэмий л юм хийсэн байна. Жишээ нь би гэхэд л олон хоног шараа тайлж амжилгүй яваа учраас бие дотор гадаргүй тун тааруу байна. Хэрвээ миний нүүр лүү тэгж цүпаридсан бол биеэ хамгаалах чадваргүй байхад дайрсан хэмээн гомдол мэдүүлэх байлаа. Тэр жил Жагаа жүжигчин Бархүүг зодсон тухай мэдээг шимтэн уншиж байлаа. Хэрэг явдлыг дурсвал, Бархүү нэгэн шинэ жил дээр Жагааг элэглэчихэж л дээ. Тэгэнгүүт Жагаа босож ирээд "Олон түмний өмнө намайг элэглэж суудаг тэр муу бацаан хэн бэ" хэмээн Бархүүг зодохоор шулуудсан аж. Жагаа шууд л Бархүүгийн нүүрэнд зангидсан гараа буулгаад авах нь тэр. Бархүү ч мөчөөгөө өгсөнгүй өмнөөс нь зууралдаад авч. Гэтэл Жагаагийн хамгаалагч Бархүүг хөдөлгөхгүй бариад авсан гэнэ. Хамгаалагчаараа бариулж байгаад мешок цохиж байгаа юм шиг түүнийг балбана гэдэг бол Жагаагийн хувьд өөрийгөө дасгалжуулах тун үр дүнтэй ажил байв. Ингээд Бархүү түүнээс хойш зодоонтой кинонд тоглох урилгаас үргэлж татгалзах болжээ. Ямартай ч Жагаа сэтгүүлчийн биед халдаад, тун удалгүй уучлалт гуйсан байна. Угаасаа ч уур нь хурдан гардгийг дээр дурьдсан даа. Хэрвээ Жагаа хэзээ нэгэн цагт тан руу дайрвал жолооч шиг зугтаад л байдаг юм шүү гэж зөвлөх байна. Эцэст нь бичлэг интернетэд тавигдсан өдөр буюу өчигдөр Жагаа сэтгэл хангалуун орондоо оржээ. Учир нь сошиал ертөнцөд түүнийг буруутгах бус магтан сайшаах хүн цөөнгүй байв.
Ингээд эрхэм Жагаа амтат нойрон дундаа өөрийгөө ирэх сонгуульд ялж Ерөнхий сайд болж байна хэмээн зүүдэлсэн боловч экс Ерөнхий сайд Сайхнаа, экс Шадар сайд Хүрэлсүхэд зодуулж байна гэж хар дарсаар сэржээ. Мэдээж Сайхнаа, Хүрэлсүх хоёрыг Жагаа яаж дийлэх вэ. Хэвтээ байрлалаас бараг 200 кг шахдаг Сайхнаа, Хүрэлсүх хоёрын хэн нэгэн нь дараад авбал Жагаад юу тохиолдохыг таах аргагүй юм. Чухамдаа тийм зүйл тохиолдвол УИХ-ын гишүүн Г.Баярсайханы “онч” үгийг л хэн хүнгүй санацгаах биз ээ.
Мэдээний эх сурвалж:Time.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ