Н.Алтанхуягийн далд мөчөөрхөл
С.Баярцогтын оффшор бүс дэх банкны нууц данс илэрснээс хойш АН-ын хамгийн нөлөө бүхий “Алтан гадас” фракцийн байр суурь ганхаж эхлэв. Парламент дахь МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсны дараахан энэ шуугиан дэгдсэн юм. Чухамдаа энэ нь дайран дээр давс нэмсэн билээ. Хэрвээ Н.Алтанхуяг огцорсон бол “Алтан гадас”-ынхан оронд нь С.Баярцогтыг зүтгүүлэх нь гарцаагүй байлаа. Харамсалтай нь тэр хав дарсан данснаасаа болж, УИХ-ын дэд даргын суудлаасаа хусуулж, ерөнхий сайд гэсэн үгтэй холбогдох ямар ч эрхгүй болов. Энэ бол тус фракцынхны хувьд нэг далайлтаар хоёр шанаадуулсан гэсэн үг.
Тэгвэл тэртээх Виржинид бүртгэлтэй дансыг барагтай аавын хүү сөхөж барахгүй. Энэ хэргийг эрхэм гишүүн Н.Номтойбаяр чухалчлан үзэх хэрэгтэй гэж зориуд анхааруулж байсан нь учиртай ч байж магадгүй. Ахмад тагнуулчийн тусад орсон хүү тэр байтугайг гадарлах болсон биз. Саяхан Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг ажлаас нь халж, орлогч Б.Ариунсанг оронд нь тавьж орхисон. “Алтан гадас”-ын Б.Ариунсан тагнуулын байгууллагад хөл тавихаасаа эхлээд дэд дарга Ч.Чулуунбаатарыг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн хэл ам дагуулсаар ирсэн. Энэ удаа ч Ерөнхий сайд маань Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй ТЕГ-ын удирдлагыг шууд солилоо. Сонгуулийн босгон дээрх ийм томилгоо гадаад орнуудад бол ихээхэн учир начиртай байдаг юм гэсэн.
2008 оны парламентын сонгуулийн дараа Н.Алтанхуяг С.Баярын гар хөлийн үзүүрт хамтарсан засгийн дээвэр дор багтсан нь Ц.Элбэгдоржийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн. Шадар сайдын сэнтийд заларсан Н.Алтанхуяг Сангийн сайдаараа С.Баярцогтыг тавиулж, С.Баяртай хамсан Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь гал дээр тос асгасан лугаа болж билээ. Одоо С.Баяр, С.Баярцогт нар ил бурууг үүрч байгаа ч Н.Алтанхуяг сүүдэрт нь яах аргагүй зогсч байгаа. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар тийм ч амь бөхтэй биш.
Ерөнхий прокурор Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас энэ албан тушаалд ирсэн ч яах аргагүй “Алтан гадас”-ын хүн. Бас Н.Алтанхуяг тэр хоёр нэг нутгийнх. АН-ын дотоодод “Алтан гадас” буюу заримынх нь нэрлэдгээр “Алтан гудас”-ыг хөнжилгүй болгох сонирхол их байна. Хэрвээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг нэрлэ гэвэл эдний фракцаас нэр дэвшихээргүй болов. Зарим улстөрч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах нүүдлийг харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ