“Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг хэсэгчлэн шилжүүлнэ
Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрлөө.
Газрын тосны газар болон “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанийн хооронд газрын “Богд-IV”, “Онги-V” талбайд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2009 оны долдугаар сард баталсан.
Өнгөрсөн хугацаанд тус компани нь энэ хоёр талбайд нийт 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс хайгуулын үйл ажиллагаанд 17 сая, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт 2 сая ам.доллар төлсөн байна. Хайгуулын үр дүнд нэмэлт хайгуул, судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай байсан ч дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас хөрөнгө оруулалт татах хүндрэлтэй байжээ.
Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсанаар хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн тул BG, Chevron, Anadarko зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах фарм-аут (Farm out) гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 2015 онд 13,6, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1,4 сая долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулна.
Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “BG Mоngolia holdings limited” компани, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ