Фронтоор овоглосон малчин бүсгүй

Эх орон, элгэн садан, нутаг усныхнаа төлөөлөн фронтын шугаманд очиж улаан армийн дайчидтай уулзан бэлэг хүргэж явсан 19 настай малчин бүсгүй С.Цэгмэд өдгөө 90 насыг зооглон эрүүл саруул, энх тунх нутагтаа амьдарч сууна. Дэлхийн II дайнд гардан оролцоогүй ч дайны гал, дарийн утаан дундуур бэлэг хүргэж явсан 1942 оны намраас хойш эгэл жирийн малчин бүсгүйн амьдрал түүх болон үлджээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд амьдардаг Улсын сайн малчин С.Цэгмэд гуай түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Эрхүү хотод болох баярын арга хэмжээнд оролцохоор хотод ирсэн байна. Фронтоор овоглосон малчин бүсгүй С.Цэгмэдийн амьдралын тойрогт өнжсөн юм.

С.Цэгмэд хүргэнД.Жадамбаа, зээ нарынхаа хамт. 2015 он

С.Цэгмэд гуай малчин удамтай хүн. Ээж нь баячуудын зарц хийдэг ядуу хүн байсан гэдэг. Нэг тэмээ, таван ямаатай, үр хүүхдэдээ хоол унд залгуулах гэж айл амьтны үйл үртэс хийдэг ажилч хичээнгүй хүн байж. Дөрвөн дүүтэй айлын том охин тэрээр багаасаа ээждээ туслан, малын дөртэй болсон байна. Найман настай жаахан охин байхаасаа эмнэг тором сургадаг ажилч хичээнгүйгээрээ нутаг усандаа үнэлэгдэнэ. С.Цэгмэд сургуульд сураагүй ч хуучин үсгийн бүлгэмд сар сууж бичиг үсэгт тайлагдаад зогсохгүй крилл үсгээ малын бэлчээр дээр сурч, дөрөвдүгээр ангийн боловсролтой болжээ.

1941 онд 18 настайдаа Улаанбаатар хотноо “Улсын сайн малчдын анхдугаар” зөвлөгөөний төлөөлөгчөөр сонгогдон оролцож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Улсын сайн малчин” цол, тэмдэг, оёдлын машинаар шагнуулж байжээ. Жилийн дараа аймгийн анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцож аймгийн их хурлын гишүүнээр сонгогдож байжээ. 19 настайгаасаа Дундговь аймгийн их, бага хурлын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдсон бөгөөд Дундговь аймгийн анхны шавийг тавилцсан түүхтэй. “Миний ганц эрдэм бол мал маллах. Мэргэжил малчин. Насаараа л малаа маллаж буяныг нь эдэлж явна” гэсээр С.Цэгмэд гуай яриагаа эхэлсэн юм.

40 ГАРУЙ ХҮНТЭЙ БАГ УЛААНБААТАРААС МОСКВАГ ЗОРИН ХӨДӨЛЛӨӨ

1942 оны намар сумын төвд эмэгтэйчүүдийн хурал, ухуулгад оролцохоор иртэл аймгийн төлөөлөгч Жадамбаа намайг дуудаад “За Цэгмэдээ чи их азтай охин юм. Чамайг манай Дэлгэрхангай сумын дөрөвдүгээр багийн хөдөлмөрчид ЗХУ-д бэлэг хүргэх төлөөлөгчөөр сонголоо. Сумынхаа хөдөлмөрчдийн цуглуулсан бэлгийг аваад өглөө эрт яваарай” гэсэн юм. Би баярласан гэж жигтэйхэн гэртээ гүйн ирж ээждээ хэлэхэд “Миний охин тийм том үйл хэрэгт оролцож чадах л байгаа даа. Тэр чинь сайд, дарга нарын л хийдэг ажил шүү дээ” гээд нулимсаа арчиж суусан юм.

Явган шуурга шуурсан жихүүн салхитай тэр өглөө өртөөний унаагаар Улаанбаатар хотод ирж, нутаг нутгаас ирсэн төлөөлөгчидтэй нэгдэв. Бидний хүргэж ирсэн бэлгийг Засгийн газрын ар талын жижиг байшинд бүртгэн, хүлээн авч байлаа. Төлөөлөгчдөөс хэмжээ авч нэгэн адил жигд сайхан 2-3 янзын хувцас хийж өгсөн юм. Хурган дээл, шовгор оройтой үндэсний лоовууз малгай зэрэг хувцсаар гоёж аваад 1942 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, жанжин Ч.Мижид, Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, зохиолч Ц.Дамдинсүрэн нарын 40 гаруй хүн Улаанбаатараас Москваг зорин хөдөлсөн юм.

Жижиг цэнхэр автобусаар Наушкт очоод цаашаа галт тэргээр ес хоног явсаар зорьсон газраа хүрсэн. Бэлэг хүргэх хоёр дахь цувааны төлөөлөгчид болох бид мах, хоол хүнс, дулаан хувцас, алт мөнгө зэргийг ачсан 217 вагон бэлгийн зүйлсийг Зөвлөлтийн дайчдад хүргэж өгөхөөр явсан нь тэр. Хэдийгээр дайны хүнд хэцүү өдрүүд байсан ч биднийг Москва хотын Метрополь зочид буудалд байрлуулж, соёл урлаг, түүх дурсгалын газар, том үйлдвэрүүдийг үзүүлж, уулзалт цуглаанд оролцуулан чамгүй сайн үйлчилсэн дээ.

ОРОС СУВИЛАГЧ ЗИНАД АЛТАН БӨГЖӨӨ ДУРСГАВ

Манай бүрэлдэхүүн дөрвөн хэсэгт хуваагдахад би Ч.Сүрэнжав даргын ахалсан хэсэгт багтаж фронтын галын шугаманд бэлгээ гардуулахаар явсан юм. Бид тааралдсан цэрэг, дайчид бүрт шинель, нэхий болон савхин дээл, өмд цамц, бээлий, хоол хүнс, Монголын ажилчин, малчин, сэхээтэн, сурагчдаас илгээсэн захидал, гарын бэлгийг дамжуулж байв. Тулалдаж буй анги, салбарын дайчидтай уулзалт цуглаан зохион байгуулж, бэлгээ гардуулна. Мөн Монголын ард түмнээс илгээсэн захидлыг уншиж өгдөг байлаа. Би Дундговь аймгийнхаа 30 гаруй мянган хүний халуун сэтгэл, ялалтанд итгэсэн итгэл шингэсэн захидал, бэлгийг гардуулж явсандаа үргэлж баярладаг юм.

Тэгж явахдаа фронтын цэргийн эмнэлэгт очиж нэгэн сувилагч охин шархдаж, гэмтсэн хүмүүсийг өөрийн эцэг эх, ах дүүс, эхнэр хүүхэд шиг нь асарч тойлохыг хараад өөрийн эрхгүй бахархаж билээ. Тэр сайхан сэтгэлтэй орос охин Зинатай танилцаж, түүнд алтан бөгжөө дурсгал болгон үлдээсэн юм. Хожим нь 1970 онд Зинагаас надад хаягласан чин сэтгэлийн халуун дотно үгтэй захидал ирж билээ. Би тэр захиагаа одоо хүртэл нандигнан хадгалдаг.

Бид дайчдад бэлэг тарааж явахдаа дайны гай гамшиг гэж ямар аймшигтай байдгийг нүдээр үзэж, бие сэтгэлээрээ мэдэрч, зүрх шимширч явсан. Бидний толгой дээгүүр их бууны сум исгэрч, мөч бүрт хүний халуун амь сүйдэж байгааг харахад харуусал төрж, шархадсан хүмүүсийн өмнөөс тулалдахсан гэж бодогдон цөс хөөрдөг юм билээ. “Тулалдаанд оруулж өгнө үү” гэсэн хүсэлт тавихад бидний саналыг зөвлөлтийн нөхөд маань хүлээн авч нэг тосгоныг чөлөөлөх тулалдаанд оролцуулж, явган атак гээчийг хийлгэсэн юм.

Мөн их бууны ангид очоод их буучдаар бууны харааг дайсан руу тааруулан буудацгаасан. Монголын нам, засгийн төлөөлөгчдийг төлөөлөн Ч.Сүрэнжав, цэргийнхнийг төлөөлж хошууч Одсүрэн, эмэгтэйчүүдийг төлөөлөн би буудсан юм. Тэр бууг 45 км тусгалтай, сум нь 200 кг жинтэй гэж тайлбарлаж байсан. Маргааш нь фронтын сонин дээр “Монголын төлөөлөгчдийн буудсан их бууны гурван суманд германы 32 цэрэг алагдаж, дөрвөн их буу сөнөлөө” гэж бичсэн байж билээ. Биднийг фронтын шугаман дээр байхад Сталинград хотыг чөлөөлж, Германы нэг фельдмаршалын удирдсан арми бүрэн бүрэлдэхүүнээрээ бууж өгсөн мэдээ ирж байсан.

Бид сөнөөгч онгоцны бригадад очоод ЗХУ-ын баатар Носовтой танилцаж, хамт зургаа авахуулсан юм. Г.Бумцэнд гуай биднийг цаашлуулан “Зөвлөлтийн баатар, Монголын сайн малчин та хоёр төөлбөл бие чацуу, тоолбол нас чацуу улс байна. Сайхан найзалцгаах хэрэгтэй” гэж ихэд билэгшээж байсан. Носов надад эрээн иштэй ганган хутга бэлэглэж, өөрийнхөө жолооддог онгоцондоо суулган дайсныг хэрхэн сөнөөдгөө тайлбарлаж үзүүлсэн юм. Харин би түүнд аяганыхаа уутыг бэлэглэсэн билээ.

ЗХУ-ын баатар В.Носов Монгол Улсын малчин С.Цэгмэд нар (1943 он).

В.Носов 16 настай гвардийн цэрэг байхдаа С.Цэгмэд гуайгаас бэлэг гардан авчээ.

Улсын сайн малчин С.Цэгмэд Монголын эмэгтэйчїїдийн хоёр их хуралд тєлєєлєгчєєр оролцжээ.

ВОЛКОВ ДАРГАТАЙ ЭКИПАЖИД “ХУВЬСГАЛТ МОНГОЛ, ДУНДГОВЬ АЙМАГ” ТАНКИЙГ ГАРДУУЛСАН

Бэлэг тарааж явахдаа бид олзлогдсон германуудтай ч уулзаж үзсэн. Нэгэн олзлогдсон герман генералтай ярилцахад “Би цэргийн хүн, тушаал гүйцэтгэж явсан. Гэнэдээд баригдчихлаа. Оросуудаас нэг, хоёрыг ч болов хороох юмсан гэж бодож явсан” гэж хорсолтой нь аргагүй ярьж байсан. Харин өөр нэг олзлогдсон цэргийн хөл нь хөлдөж, шархадсан байсан бөгөөд шинель шиг юм нөмөрчихсөн “Би хэнд ч гэм хийхийг хүсээгүй, зөвхөн хүчирхийлэлд автагдан энд ирсэн” гэж айж чичрэн ярьж зогссон.

Москвад биднийг буцаж ирэхэд Монголын ард түмний бэлгийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн будаг нь ханхалсан 48 шинэ танк үйлдвэрээс дөнгөж гарсан байв. “Хувьсгалт Монгол” хүчирхэг танкийн цувааг зөвлөлтийн танкчдад гардуулан өгөх завшаан бидэнд тохиосон юм.

1943 оны нэгдүгээр сарын 12-нд Гвардийн танкийн нэгдүгээр армийн танкийн 112 дугаар бригадад “Хувьсгалт Монгол” танкийн цувааг хүлээлгэн өгөхөд Гонгор баатар бид хоёр үг хэлж зургаан дугуйтай жижгэвтэр танк, харин маршал Х.Чойбалсан 10 дугуйтай аварга том танкийг гардуулан өгч билээ.

Би Волков даргатай экипажид “Хувьсгалт Монгол, Дундговь аймаг” танкийг гардуулж байсан минь гэрэл зурагт түүх болон үлдсэн. Энэхүү танкийг танкчин гүрж Гудашвили, орос Иванов, украйн Путеенко нар жолоодон тулалдаж Берлин хүртэл байлдсан. Монголын цэргийн нэрт жанжин, аймаг, хотын нэрийг бичсэн хүчирхэг танкийн цуваа Берлин хүртэл тулалдаж агуу их ялалтыг авчирсан гэж бодохоор сайхан санагддаг юм.

Танкийн хороо байгуулагдсаны 30 жилийн ойгоор буюу 1973 онд тэр хороонд алба хашиж байсан дэд хурандаа Филатов гуай манай аймагт хүрэлцэн ирээд “Нөхөр Цэгмэд та намайг 26 настай байхад манай хорооныхонд аймгийнхаа хөдөлмөрчдийн бэлгийг гардуулж байсан” гээд халуун дотно тэврээд Зөвлөлтийн Улаан Армийн гвардын хүндэт тэмдгийг гардуулж өгч билээ.

СТАЛИНТАЙ УУЛЗАЖ, ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ҮГ ХЭЛЖ, ХУНДАГА ӨРГӨВ

Улаан цэргийн фронтоор овоглодог хүн Монголд С.Цэгмэд гуай л юм. Тиймээс сонин, сэтгүүлийн хуудсыг түүний баян намтар чимж байдаг.

1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр биднийг 19 цагт Кремльд Зөвлөлтийн нам, төрийн их удирдагч, цэргийн гарамгай жанжин Сталин хүлээн авч уулзахаар болсон юм. Бид Кремлийн их ордны нэгэн том тасалгаанд хүлээж байтал нөхөр Сталин орж ирээд бидэнтэй гар барин мэндэлсэн. Тэгэхэд Сталин саарал хувцастай, энгэртээ ганцхан алтан таван хошуу зүүсэн, энгийн даруу хүн харагдсан. Их аажуухан зөөлөн дуугарч, үгээ зөөж бодож ярьдаг нэг л бодлогоширсон байдалтай байсан. Арга ч үгүй биз. Эх оронд нь дайн нөмөрч, үй олон хүн үрэгдэж байхад сэтгэл нь яаж тайван байх билээ. Биднийг хүлээн авалтанд оруулж Сталин үг хэлэхдээ “Би олон хүн хүлээж авдаггүй, олон үг хэлдэггүй хүн. Гэвч өнөөдөр миний сэтгэл ихэд хөдөлж байна. Монголын ард түмэн, бидний сэтгэл зүрхийг ихэд татаж байна. “Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэж танай ардын цэцэн үг байдаг. Та бүхний бэлэглэсэн чин сэтгэлийн бэлэг тусламжид маш их баярлалаа” гэж хэлсэн юм. Сталин хүлээн авалтын туршид хэдэн удаа үг хэлж, хундага өргөсөн юм.Харин манай талаас Х.Чойбалсан, Ч.Сүрэнжав нар үг хэлсний дараа Өвөрхангай аймгийн Жадамбаа бид хоёр үг хэлж хундага өргөсөн.

“Би ийм залуу насандаа Зөвлөлт оронд ирж, улс оронтой нь танилцаж, зөвлөлтийн ах дүүстэй уулзсандаа маш их баярлаж байна. Нөхөр Сталин урт удаан насалж мөдхөн ирэх ялалтыг улам түргэн авчрахыг ерөөе” гэсэн утгатай үг хэлсэн. Хүлээн авалтын дараа бидэнд кино үзүүлсэн. Кино дууссаны дараа Сталин бидэнтэй дахин гар барьж, аян замдаа сайн явахыг хүсэн ерөөж билээ. Ийнхүү бид Зөвлөлт оронд хоёр сар гаруй болоод эх нутагтаа буцаж ирсэн юм.

ДОЛООН ХҮҮХЭД МААНЬ 150 ҮР АЧТАЙ БОЛСОН

Түүнээс хойш нутагтаа ирж, малаа маллаж байлаа. Ээжийнхээ ганц тэмээ, таван ямааг өсгөж үржүүлсээр тэмээ, адуу, хонь нийлсэн 300-400-аад толгой малтай болсон доо. Харин 1959 онд бүх малаа нийгэмчилсэн. Түүнээс хойш сум нэгдлийн тэмээ маллаж жилдээ 25-70 ингэ ботголуулж байлаа. Ид төллөлтийн үед шөнөдөө 5-6 ингэ ботголдог учир дээлээ тайлж бүтэн нойр авах сөхөөгүй л ажиллана. Эмнэг тэмээг сургана, ингэ саана гээд борви бохис хийх завгүй л байдагсан. Би 18 жилийн хугацаанд 1044 ботго бойжуулсан байна лээ. 1962 оны хавар сүрхий гамшиг болоход зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо оруулаад хоёр ботгоны гарзтай давж байсан. 1980 онд тэтгэвэрт гараад 10-аад жил хонь малласан. Одоо ч малаа малласаар байна. Хүйтэнд хөрч, халуунд халж мал малласан ч надад муудсан зүйл байдаггүй. Өдий 90 гарчихаад өвдөх зүйлгүй эрүүл саруул сайхан амьдарч байна. Ахмад дайчны үнэмлэхээ л авчихвал одоо надад төр засгаас хүсээд байх юм алга даа.

Миний долоон хүүхэд бүгд л тус бүртээ амьдрал зохион сайн сайхан явж байна. Би дөрөв дэх үеэ үзэж буй азтай буурал шүү. Миний үр ач одоо 150 гараад явж байна. Ээж минь сайхан сэтгэлтэй эд мөнгөний шуналгүй эгэл хүн. Бидэнд “Санаа зөв бол заяа зөв” гэж сургадаг байсан. Ажил хөдөлмөрөө сайн хийж явсан болохоор надад дутагдах гачигдах зүйл байсангүй. Төрийнхөө, түмэн олныхоо, үр хүүхдийнхээ хайр хишгээр жаргаж явнаа би. Намайг фронтод бэлэг хүргэж явсан гээд монголчууд төдийгүй оросууд сайн мэддэг. Ялалтын ойгоор надад мэндчилгээ явуулж, бэлэг илгээдэг. Одоо удахгүй болох 70 жилийн ойн баяртаа оролцохоор 4-ний өдөр /өнөөдөр/ Эрхүү ниснэ. Зээ Э.Мөнхтуяагаа дагуулаад явах гэж байна гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.

С.Цэгмэд гуай их ялалтын ойгоо ОХУ-ын Эрхүү хотод тэмдэглэчихээд хөдөө гэр рүүгээ буцна. Хөл, чих нь жаахан муудсаныг эс тоовцол хөнгөн шингэн буурай маань ялалтын ойн баяруудаар Орос Улсын Элчин сайдын яамнаас урьж Гвардын одон, Жуковын медалиар шагнаж байжээ. 2003 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд очиж Иж-планета мотоцикль, салхин цахилгаан үүсгүүр зэрэг төрөл бүрийн зүйлсээр урамшуулж байсныг баярлан ярьж суув.

С.Цэгмэд гуай мал маллахаас гадна нийгмийн идэвх сайтай нэгэн байж. Дэлгэрхангай сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаас гадна баг, сумын намын ухуулагч, тэргүүлэгч зэрэг сонгуульт ажилтай. Түүний хөдөлмөрийг үнэлж төр, засгаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнаж байжээ. Төрийн дээд шагнал, алдар хүндийг 19-хөн насандаа хүртэж Монгол Улсын сайн малчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж явсан Сүрэнхорын Цэгмид хэмээх фронтоор овоглосон малчин бүсгүйн амьдралын түүх энэ. Эгэл жирийн монгол эмэгтэй Монгол Оросын ард түмний ах дүүгийн найрамдлын амьд гэрч болсоор байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ