SBL Хасын хүлгүүд хүрэл медалийн эзэд боллоо
Үндэсний Супер Лигийн Хүрэл медалийн төлөө Увс Эрдэнэдрийлинг Ригс болон SBL Хасын Хүлэгүүд багууд тоглохоор болоод байсан билээ. Тус 2 багийн тоглолт Хандгайт дахь Д.Содномзундуй агсны нэрэмжит Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд болсон эхний тоглолт байсан юм.
Тоглолтын 1-р үед багууд тун тэнцүүхэн тоглолт үзүүлсэн юм. Хүлэгүүдээс энэ өдөр Phil Jones тус тоглолтын цор ганц легионер байсан юм. 2 баг бусад легионер тоглогчдоо нутаг буцаасан байлаа. Будагтай талбайд тоглолтын эхнээс С.Өрнүүнбилэг сайн тоглолт үзүүлж, хэрэгтэй оноог авч байсан бол Phil Jones ч өөрийн давуу талаа ашиглаж чадаж байсан юм. Улмаар эхний үед 2 баг ойролцоо оноог авсан. Гэсэн ч 2-р үеэс Ригсийн довтолгоо ширүүсч эхэлсэн гэхэд болно.
Н.Золжаргал, М.Бадрах нарын шидэлтүүд ч оноо болсоор байлаа. Гэсэн ч Хүлэгүүд хариуг нь барьсаар эхний хагас 38:38 харьцаатай өндөрлөсөн. Харин 3-р үе тэр чигтээ Ригсийн үе байсан гэхэд болно. Ялангуяа 3-р үеийн сүүлийн 4 минутанд Ригсийн шидэлт болгон оноо болсоор тэд 17 оноог илүү авч чадсан юм. 4-р үед ч тэд эхлэлийг сайн тавьж, тооны зөрүүг 20 болгож чадсан. Гэхдээ тоглолтын хувь заяа Ригсийн талд шийдэгдэх болоогүй байгааг Хүлэгүүд харуулж чадав.
Урагшаа шахсан, прессинг хамгаалалтыг хийж, олон удаа бөмбөг тасалж чадсанаар тооны зөрүүг 2 болгон ойртуулж чадсан. Ригс прессингээс гарч чадалгүй бөмбөгөө хэтэрхий олон алдсан юм. Улмаар Н.Золжаргал ч алдааны асуудалд орж, 6 алдаатай болсноор тоглолтыг орхисон. 4-р үеийн төгсгөлийг Б.Билгүүн гайхалтай хийж, довтолгоонуудаа оноо болгож байснаар эцсийн мөчид чухал 2 оноог авч, 89:88 харьцаатай SBL Хасын Хүлэгүүд баг итгэмээргүй эргэн ирэлт хийж, Үндэсний Супер Лигийн Хүрэл медалийн эзэд болсон юм.
Тэд ингэснээр Супер Лигт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны баг боллоо. Тус тоглолтонд Б.Билгүүн багаа тэргүүлэн 29 оноо, 12 самбар авсан бол А.Бямбадорж 21 оноо, О.Сэргэлэн 12, Phil Jones 10 оноо, 13 самбар, М.Отгонмөнх 10 оноог тус тус авчээ. Харин Ригсээс С.Өрнүүнбилэг 35 оноо, 20 самбар авч гайхалтай тоглолт үзүүлсэн бол Н.Золжаргал 14, М.Бадрах 13 оноо, 12 дамжуулалт, Б.Батжавхлан 11 оноог авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ