Б.Гантогтох: Барьц шодох нь цаазын тавцанд гарсан мэт санагдаж байсан

Арслангийн энтэй гарьд Б.Гантогтох арваад жилийн өмнө зүлэг ногоон дэвжээнээсээ холдохын өмнөхөн Үндэсний бөхийн холбооны IV Их Эеийн үеэр шодож барьц сонгуулдаг дүрмийн талаар хатуухан шүүмжлэл хэлж байлаа. Зургаан залуу заан хэмээн нэгэн үе шуугиулагчдын нэг, төрийн наадмын үзүүр түрүүнд нэг бус удаа хүрч барилдаж байсан Б.Гантогтох гарьд “Би шоо хаядаг дүрмийг энэ жилийн наадмаар биеэрээ амслаа.

Эцсийн хүчээ шавхаж, хөдөлмөрийнхөө эцсийг үзье гэж бодоод барилдаж байхад гэнэт барьц шодох нь ёстой л цаазын тавцанд гарчихсан юм шиг надад санагдаж байсан. Өрсөлдөгчөө барилдаанаар дутуу гэж бодон, мэхээ бодон уран мэх хийж барилдахад энэ нь үнэхээр саад болж байгаа.

Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд л гэхэд бөхийг мэддэг хүмүүсийн хэн нь ч харсан Өсөхөө зугтаад, би түрээд л талбайгаас гаргачихаад байсан. Сүхбат бид хоёр үзүүр түрүүнд барилдаж, хаялцах үедээ нэг нь давхар шуудагтай, нөгөө нь барьцгүй байсан. Яг л ийм барьцнаас бариулж, барилдуулбал дээр юм болов уу гэж надад бодогдсон” хэмээсэн түүхтэй.

Гарьдын хэлж байсан үг өнөөдөр үндэсний бөхийн ертөнцөд бий болоод байгаа гамшгийн тухай сэрэмжлүүлэг байсан гэж болно. Одоо цагт барилдаж байгаа бөхчүүдийн дунд үнэн хүчийг шавхан барилдах эсхүл уран мэхийг уралдуулах нь гарын арван хуруунд цөөдхөөр болоод байгаа нь нууц биш. Ихэнх даваа, тунаануудад бөхчүүд өрсөлдөгчөөсөө бэргэж, цаг хүлээж барьц сонгуулан азаа үзэж байгаа нь харамсалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ