Дорнод аймагт бороо дусалж эхэллээ
Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, улс орон, ард иргэд, байгаль экологид үлэмж хэмжээний хохирол учруулсан хээрийн түймэр бүрэн цурмандаа оржээ. Одоогийн байдлаар тус сумын нутаг дахь Ар дархинтаас Цагаан дэв хүртэлх газарт онцгой байдлын 4 бүлэг албан хаагчид түймрийн цурмыг манаж байгаа юм. Мөн өчигдөр Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг оройн 22 цагийн орчимд цурамд оруулсан аж.
Цурмандаа орсон түймрийн цогийг дарж, бүрээн унтрааж өгье гэсэн мэт байгаль дэлхий ч хураа хайрлаж, өнөө өглөөнөөс эхлэн Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр бороо дусалж байна.
Баян-Уул, Дашбалбарын түймэр дарагдсантай зэргэцэн Булган суманд түймрийн аюул босч ирлээ. Тус сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Цагаан эрэг” ХХК-ийнхан тариалангийн талбайнхаа зэрлэгийг шатааж байгаад гал алдсан аж. Түймрийн голомтод яг одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сумаас 40 иргэн, Баянтүмэн сумаас 14 иргэн, нийт 66 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өнөөдөр Булган суманд ч бас бороо орно гэж УЦУОША-аас мэдээлсэн. Гэхдээ одоогийн байдлаар тус суманд бүрхэг, утаан манантай байна.
Эх сурвалж: Dornod.net
СЭТГЭГДЭЛ БИЧИХ