Нүүрсний экспорт 490 мянган тонноор буурчээ
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг өнөөдөр зарлаж, энэ оны эхний дөрвөн сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа.
Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтыг мэдээлэв.
-Манай улс 5.8 сая тонн нүүрс, 939.3 кг алт, 268.6 мянган тонн газрын тосыг олборлосон байна.
-Хайлуур жоншны баяжмал 57 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Харин 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортложээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 95.3 мянган тонноор нэмэгдсэн байгаа юм.
-Алтны тухайд 2.5 тонныг экспортлосон нь 284.9 киллограммаар өсчээ. Мөн 997.7 мянган тонн төмрийн хүдэр, 263.2 мянган тонн газрын тос экспортлосон байна.
-Харин нүүрсний хувьд 5.8 сая тонн нүүрс олборлож, 3.2 сая тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 490 мянган тонноор буурсан үзүүлттэй байгаа юм. Уг нь уул уурхайн яамнаас энэ оны эхний гурван сард 4.9 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байжээ. Сүүлийн хоёр жилдээ нүүрсний экспорт байнгын хэлбэлзэлттэй байгаа. Цаашид ч нүүрсний экспорт уналттай байж мэднэ гэсэн тооцооллыг салбарын сайд нь өглөө. Харин энэ салбарын ирээдүйн хөгжилд эерэгээр нөлөөлөх нэг гарц бол гадаад хамтын ажиллагааг сайжруулах гэж энэ салбарынхан ярьж байна. Тиймээс дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох Их долоо улсуудын санаачлагаар хөгжиж байгаа орнуудын гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилготой Их долоо-Коннекс Монгол санаачилгыг эхлүүлжээ. Мөн гацууртын уурхайн ордын төсөл дээр Германы гурван хуульчтай хамтран ажиллахаар болжээ.
-Шатахуун: энэ сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн шатахууны нөөцтэй байгаа бол онгоцны түлш буюу ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
Мөн Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Нэн тэргүүнд ХАБ-2015” бага хурлыг зохион байгуулж байгаа юм байна. Уул уурхайн сайд Р.Жигжид тус хурлын үеэр хэлсэн үгэндээ “Баялаг бүтээгчид уул уурхайн үйлдвэрлэлийн төслийн үр өгөөж, ашиг орлого бодохын өмнө салбарын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах нь зүйтэй байна” гэдгийг онцолжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ