Л.Эрдэнэчимэг: “Энержи ресурс”-ын гол аврал нь энэ гэрээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг талын эх сурвалж бүхий мэдээлэл түлхүү гарч байгаа учраас өөрт байгаа мэдээлэл болон байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан юм. Тавантолгой бол Монгол Улсын 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд болохыг тэрээр тэмдэглээд “Ийм их баялагтай том ордыг дахин бид нээх эсэх нь тодорхойгүй, мөн иргэн бүр хувьцаа эзэмших бололцоотой эсэх нь тодорхойгүй” гэлээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж сүүлийн 3 жил дараалан ашигтай ажилласан. 2015 оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортлож Монголын хамгийн том экспортлогч болоод байна. 2012 оны сонгуулийн өмнө “Чалко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрснээс олж буй ашгаараа “Чалко”-гийн өрийг төлсөөр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж, жил бүр 5000-6000 тонн нүүрс экспортлож байна. Бүх зардлаа оруулж тооцоод өнөөдөр 1 тонн тутамд 5.8 ам.долларын ашиг олж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиггүй ажиллаж байгаа мэтээр мэдээлэл тараагдаж байгаа гэв.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдааны үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь 2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК “Шинхуа” болон “Пибоди” компаниудтай хэлэлцээрт орж “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа 51 хувь, “Шинхуа”-“Пибоди” түншлэл 49 хувь эзэшихийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцахаар тохиролцоонд хүрсэн байсан. Гэвч Засгийн газраар хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон гэсэн мэдээлэл өгсөн байна.

“Энержи ресурс” компани өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрс тутамд 9.8 ам.долларын алдагдал хүлээж байгаа. Тус компанийн үйл ажиллагааны талаар bloomberg.com сайт дээр 2015 оны эцэс гэхэд “Энержи ресурс” компани бэлэн мөнгөний дутагдалд орно гэсэн тооцоо, тодорхой эх сурвалж бүхий мэдээллийг гаргажээ. Тэгэхээр “Энержи ресурс” компанийг санхүүгийн хямралаас гаргах гол аврал нь энэ гэрээ болоод байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.

Тиймээс тэрээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, ашигтай ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг гэрээний оролцогчоор оруулахгүйгээр хийгдэж байгаа энэ гэрээгээр Монголын тал буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн 2 хувийн түрээсийн ашиг авахаар байна. Үлдсэн 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг болохоор заасан байгаа. Үүнийг одоогийн зах зээлийн үнээр тооцвол 2 хувийн түрээсийн ашиг нь 1 жилд 25 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөг болно. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн чадлаараа ажиллавал жилд 150 сая ам.доллар олох боломжтой. Тэгэхээр бид 25 сая ам.доллараар 150 сая ам.доллараа солих нь гэсэн үг. Тавантолгойн ордыг алимтай зүйрлэвэл “том алим”-аа тэр чигт нь тавьж туух гэрээ юм” хэмээн хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ