Төгс гэгээрнэ гэж эмэгтэйчүүдийг ойлгохыг хэлнэ
Сүүлийн үед блогтоо бичлэг нэмэхгүй нэлээд удлаа. Тэгж тэгж хаврын синдром уу юув мэдэхгүй нэг ийм бичлэг бичлээ. Өөр нэг блог дээрээ эртээд нийтлэсэн, энэ удаад энэ блог дээрээ нийтэлчихэе дээ. Би гэдэг хүн их юм үзсэн хүн. Үзсэн харсан гэдэг утгаараа. Гэхдээ энэ эмэгтэйчүүдийг ойлгоод ч байгаам шиг ойлгохгүй ч байгаам шиг аймар хэцүү улсууд юм. Тэгээд өөрийн үзэл бодлоо бичлээ.
Эмэгтэйчүүд ба шинжлэх ухаан
Эмэгтэйчүүдийг ойлгох нь шинжлэх ухааны шинэ нээлт хийхээс ч илүү хэцүү юм. Нарийн бичигтэйгээ ойлголцохоос илүү нанатехнологи хөгжүүлсэн нь амар мэт санагдаад, сэтгэлд нийцсэн бүсгүй олно гэдэг шинэ тив нээхээс түвэгтэй санагдаад, гэргийтэйгээ ойлголцоно гэдэг генетик судлалаас хэцүү санагдаад, хайр дурлалын асуудал болохоор харьцангуй онол ч хажууд нь жулдаад. Ёо би гэдэг хүн хэзээ нэг өдөр эмэгтэй хүн судлалаар нобелийн шагнал аваад Стокхольм хотын улаан хивсэн дээгүүр инээд алдан алхаж явах юм болдаа.
Эмэгтэйчүүд ба эдийн засаг
Эдийн засгийн хямралд хямраагүй мөртлөө эмэгтэй хүний үгэнд хямрах юм. Бодлогын хүү хичнээн нэмэгдсэн бондгороороо үлддэг түрийвч минь хардалтын инфляци огцом өсөхөд хавтгайрч жижигрээд миарч байх юм. Хугацаагүй хадгуулсан хайрын хадгаламж минь хувирч өөрчлөгдөөд өр болчих юм. Гэнэтийн ашгийн албан татвар шиг гэнэтхэн надад цохилт өгдөг ээдээ энэ эмэгтэйчүүд эдийн засгаас илүү хүчтэй юм. Санаан зоргоор болдог бол таануудыг санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэмээр, айлгаж надаар тоглодогийг нь бодохоор аудитын газар шалгуулж орхимоор. Татварын тайлан шиг намайг тамлаж байна та нар. Санхүүгийн тайлан шиг намайг салгалуулж байна бүсгүйчүүд.
Эмэгтэйчүүд ба шашин
Буян боддог тархийг минь бусниулж орж ирээд нүцгэн сайхан биеэрээ нүглийн хүслийг бадраагаад. Хайр хэмээх диваажинд хачин ихээр жаргаачихаад, там мэт ганцаардалд тарчлуулж орхидог бүсгүйчүүд. Хайрлаж ойлголцоод ирэхээрээ хайрын тэнгэрийн бүрэлбаа, хаяад яваад өгөхөөрөө хамгийн адгийн чаралбаа. Бүсгүйчүүд та нар бүгдээрээ бурхан чөтгөрийн дундын бүтээл, буян нүглийн хамтын өмч, хайр харууслын эзэд, хамаг амьдралын минь шалтгаан.
Аллах, Будда, Христийн аль аль нь та нараас айдаг. Аргагүйшд тэд нар чинь эрэгтэй хүмүүс. Аягүй бол над шиг л хүмүүс.
Эх сурвалж: boroond.blogspot.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ