Б.Сэр-Од "Рио 2016" олимпод оролцох эрхээ авчээ

МУГТ, хөнгөн атлетикийн ОУХМ, Монголын №1 марафонч Бат-Очирын Сэр-Од зуны 31 дэх Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Тэрээр өчигдөр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20,000 тамирчдаас 6-р байрт орсон байна. Энэ удаад тэрээр "Рио 2016" олимпод оролцох болзлыг ийнхүү хангасан бол эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон Л.Отгонбаяр 2 цаг 38 минут 51 секундэд барианд орж, наймугаар сард болох ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.

Б.Сэр-Од 2008 онд Азийн марафон гүйлтийн АШТ-д мөнгөн медаль хүртэж, манай улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан бөгөөд 2012 онд МУГТ цол хүртсэн юм. Харин Хонконг улсад зохиогдсон 2013 оны Азийн марафон гүйлтийн АШТ-д түрүүлж аваргын алтан медаль хүртэж байжээ. Мөн өнгөрсөн онд гавъяат маань Япон улсын Мияги мужид явагдсан Сэндайн хагас марафоны тэмцээнд 1 цаг 03 минут 32 секундын амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн 2014 онд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн их наадмын марафонд 4-р байрт орсон зэрэг спортын түүхэнд тодоор бичигдэх түүний амжилт олон.

Манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн Баатар О.Гүндэгмаа “Рио 2016” олимпийн наадамд оролцох анхны эрхийг аваад байсан бол МУГТ, ОУХМ Б.Сэр-Од ийнхүү хоёр дахь эрхийг авч чадлаа.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ