Н.Хүрэлбаатарыг АН сейфэнд нь нуучихав уу
Сү.Батболдын Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайд байсан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийндээ их мөнгөтэй хадгалсан сейф алдагдсан хэрэг хэвлэлүүдээр задарч бөөн шуугиан дэгдээсэн билээ.
Хамгийн шударга, цэвэр гэх мэтээр бараг л Гиннесийн номонд орохоор аугаа хүн хэмээн сурталдаж байсан Н.Хүрэлбаатар сайд Хятадын банкны тэмдэгт бүхий боодолтой хоёр сая 145 мянган юанийг хаанаас ямар аргаар олсон бол? Энэ асуултын хариуг хэвлэлийнхэн өнөө цагт төрийн эрх барьж буй Засгийн газраас нэхсээр.
Хуулийнхан тухайн үед нь сейфэнд битүү чихсэн их мөнгө ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч “шударга сайд”-ын захиасаар энэ хэргийг хаасан гэдэг.
Тэр үедээ ноён сайд уг мөнгийг “манай баз Батаагийнх” гэж хэлж байв. Сүүлдээ сайдтан буянтны дүр эсгэж, “Би энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан” гэснээ бүр сүүлдээ “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн нохойтсон байдаг. Түүгээр ч үл барам “Хүний юм аа. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм” гэж уяраах оролдлого ч хийж үзжээ. Ийн цагдаагийнхныг уг мөнгөтэй зууралдаж байхад МАН-ын томчууд буюу тухайн үеийн эрх баригчид утасдан энэ хэргийг нам даруулсан байдаг.
Гэтэл МАН-ын томчуудын хав даруулсан их мөнгөний хэрэг АН-ын үед хэвлэлээр задарснаас хэтэрсэнгүй намжих тйишээгээ хандаад байна.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн тендерийн булхай тэрбум гаруй төгрөгийн луйвар илэрч, шоронд шомбойгоод байхад дарга нь байсан Н.Хүрэлбаатарын сейфтэй мөнгө түмний нүдэнд ил гарсан ч учир нь тайлагдсангүй хэвээр байгаа нь юу өгүүлж байна вэ.
Аль эсхүл АН хүртэл Н.Хүрэлбаатарыг сейфэнд нь хийгээд нууж орхив уу. Эх сурвалжийн мэдээллээр Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур зугаалж яваа гэх.
Магадгүй Сү.Батболдын Засгийн газарт нэг хөнжилд хөлөө жийлцэж байсан АН-ын нөхөд Н.Хүрэлбаатарын сейфтэй мөнгөнд гараа дүрээд амжсан ч байж мэдэх. Тиймгүй бол түмний нүдэнд түнтийтэл чихсэн сейфтэй мөнгөний учир тайлагдмаар даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ