Хүүхдийн сэтгэл зүйд “хойд аав” хэрхэн нөлөөлдөг вэ
Гэр бүл салсан ээжүүд сэтгэл зүйчид дараах асуултыг ихэвчлэн тавьдаг: Шинэ харьцаанд хүүхдүүд яагаад дургүй байдаг, энэ тохиолдолд юу хийх ёстой вэ?
Үүнтэй холбогдуулан нийтлэг хэдэн тохиолдлыг авч үзье.
1.“Явсан л бол тэр чигээрээ зайл”
Хоёр жилийн өмнө Верагийн нөхөр “гэнэт” л салахаар шийдэн өөр бүсгүй рүү явжээ. Вера 10 настай Костя хүүгийн хамт үлдэн, нөхрийгөө ирэхийг бүрмөсөн хориглосон байна. Хүү эхний үед маш их уйтгарлаж байснаа сүүлдээ нөхцөл байдалд дассан бололтой хэвийн болсон аж. Вера ч эрчүүдэд хэзээ ч итгэх хэрэггүй, амьдрал бол угаасаа л ийм утгагүй зүйл гэж бодон нэг жилийг үдсэн байна. Ингээд байж байтал түүнтэй хамт ажилладаг залуу эргүүлэн, хэдэн удаа кафед болзсны эцэст түүнийг гэртээ оройн хоолонд урьжээ. Нөгөө дурлалт залуу ч ирж, гэвч оройн хоол нэг л бүтэлтэй юм болсонгүй. Костя нэг л сонин байдалтай суун, ээжийнхээ танилын яриаг дундуур нь байнга таслахыг оролдон, ээжийгээ ямар нэгэн “хойшлуулшгүй” шалтгаанаар өөр өрөө рүү чирээд байсан байна. Иймэрхүү тохиолдол хэд хэд давтагдсан ба хүү ердөө л ээжийнхээ “найз” залууг хүлээж авахыг хүсэхгүй байжээ.
Энэ юунаас болов?
Энэ тохиолдолд Вера нөхөртөө гаргасан гомдлоосоо болж хүүг барьцаалсан байна. Тэр хэдийгээр Верагийн хувьд нөхөр нь биш болсон ч, Костягийн хувьд үргэлж аавбайх нь мэдээж. Түүнд эцэгтэйгээ харьцах явдал маш чухал.
Тэгвэл яавал зүгээр вэ?
Вера хүүг эцэгтэйгээ уулзахыг зөвшөөрөх хэрэгтэй, тэгвэл Костя зөвхөн ганц ээжээсээ бус, ааваасаа бас дэмжлэг хүлээх боломжтой гэж бодон сэтгэл нь харьцангуй тайвширч, ээжийнхээ аз жаргалд саад болохыг төдийлөн хүсэхгүй нь лав.
2.Хэн нь илүү чухал вэ?
Маруся гурван жилийн өмнө нөхрөөсөө салан, хоорондоо “дипломат” харьцаатай үлдэж чаджээ. Тэдний дунд багаасаа астмаар шаналсан, 9 настай бяцхан охин Наташа байлаа. Маруся хэд хэдэн удаа эрчүүдтэй холбоо тогтоохыг оролдсон ба энэ үед охин нь ээжийгээ дэмжиж буй мэт байдаг байлаа. Гэвч ээжийнх нь харилцаа гүнзгийрэн “чухал” шатанд оронгуут охины астма гэнэт хурцдан хөдөлж, ээж нь хамаг ажлаа орхин түүнийг сахиж бөөцийлөх хэрэг гардаг байжээ. Харин Наташа“Ээж ээ, та надад хайртай юу? Намайг хэзээ ч орхихгүй биз дээ?” гэж байн байн асуудаг байлаа. Иймэрхүү байдлын дараа Марусяд юун хайрын романтай манатай...
Яагаад ийм байдал үүсдэг вэ?
Бидний бие, сэтгэхүй нэгэн цул зүйл юм. Сэтгэл зүйн таагүй мэдрэмж биеийн өвчлөлийн шинж тэмдгээр илрэх нь элбэг. Дээрх тохиолдолд, Наташа ээждээ саад болохгүйг хичнээн оролдож байвч, ээжийнхээ хувьд ач холбогдол багатай болчих вий, ээжийнх нь зүрх сэтгэлийн “№1 байрыг” шал танихгүй эр эзэлчих вий гэдгээс ухаангүй айдаг байсан байна. Ингээд ээжийнхээ анхаарлыг илүүтэй татахад нь “гарын доорх” астма нь тусалдаг байжээ.
Хүүхдүүд сэтгэл зүйн таагүй байдлаа өвчлөлөөр илэрхийлэх нь элбэг. Хэрэв “гарын доор” ашиглачихаар архаг хууч өвчин үгүй бол өөр ямар нэгэн аргаар анхаарлыг нь татахыг хичээдэг.
Бас нэгэн тохиолдол
Долоодугаар ангийн сурагч Петягийн ээж Светлана нөхрөөсөө салсны 2 жилийн дараа хувийн амьдралаа арай “аятайхан” болгохоор шийджээ. Гэвч хүүгийнх нь сурлага гэнэт муудан, сурлагын дэвтэр дээр нь багш нар хүүгийнх нь тааруухан зан харилцааны талаар бичих болсныг анзаарчээ. Петя нилээн хэдэн удаа тамхи татахыг оролдсон ба нэг удаа гэртээ пиво үнэртүүлж ирснээр Светад аюулын харанга дэлдсэн байна.
Дээрх хоёр жишээнээс харахад, хөвгүүдийн хувьд тамхидалт, архидалт, хулгай гэх мэт сөрөг зүйлс илэрдэг бол охид ихэвчлэн өвчлөлийг сонгодог байна. Гэвч эдгээрийн эцсийн зорилго нь ганц: Ээжийнхээ анхаарлыг өөртөөтатах.
Д. Мягмарсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ