Ялгадсандаа хутгалдсан Гандангийн дэнжээ анхаараач
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвcгэрийг Гандангийн дэнж гэж нэрлэсээр хоёр зууныг дамжиж байна. Энэ урт хугацаанд энд юу өөрчлөгдсөн бэ. Хуучин сүм, Мэгжиджанрайсэг шүтээнийг шинэчилсэн. Ганц нэг байгууллага, аж ахуйн нэгжийн барилга баригдлаа. Өнгөрсөн жил “Гудамж төсөл”-ийн хөрөнгө оруулалтаар нэг гудамжинд чулуун зам тавьсан байх.
Ингэсхийгээд л Гандангийн дэнжид гарсан өөрчлөлт дуусна. Өнөөдөр тэнд хог нь хөглөрөөд, угаадас нь урсаад, “Өвгөнтийн” гэгдэхархичид нь холхисон дүр зураг л үзэгдсэн хэвээрээ.Харин ганцтом өөрчлөлт гарсан нь тэр хавийн бүс нутаг түрээсийн байраар дүүрсэн байна.Тэглээ гээд хог нь хөглөрөх, угаадас нь урсах, өмхий самхай нь хамар цоргих нь улам нэмэгдсэн үү гэхээс багассангүй.
Манай дарга нар хотоо А, Б, цаашлаад бараг Я хүртэл зэрэглэлээр бүсчилдэг.Саяхан ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг А, Б зэрэглэлийн бүсээс нүү гэж шаардсан бичиг илгээсний дараа олон бүсчлэлтэйг нь бүр ихээр мэдэрлээ. Тэгвэл Гандангийн дэнж буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр яах аргагүй А зэрэглэлийн бүс. Тэнд Монголын бурхан шашны хамгийн том төв, сүсэгтэн олны зорьж очдог Гандантэгчинлэн хийд байна.Гадаадын жуулчид ирсэн ч Гандангаар ороод гардаг.
Гэтэл өнөөдөр хотын А зэрэглэлийн бүс цэвэр, бохирын шугамд холбогдоогүй. Төвийн дулаан тэнд очоогүй байна. Очоогүй гэхээр их хол юм шиг санагдаж байгаа биз. Манай дарга нар ийм л байна шүү дээ. Дээрээс нь тэнд ганц ч сургууль байхгүй. Хорооноос өгсөн мэдээллээр бол ганцхан цэцэрлэг байдаг юм билээ. Гэтэл энэ хороонд 7600 хүн амьдарч байна. 21 дүгээр зуунд хотын төвд байгаа55.8-хан га газрыг төвийн шугамд холбочихож чадахгүй байгаа байдлыг юу гэж ойлгох вэ.
Уг нь 16 дугаар хорооны иргэд 2010 оноос эхлээд санал санаачилга гаргаад, хэлж яриад, зүтгээд байгаа юм билээ. Тэр битгий хэл 2011 оны гуравдугаарсарын30-нд Нийслэлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсанЭ.Хүрэлбаатар “Гандангийн дэнжийг цэвэр, бохир усны системд холбох бүрэн боломжтой. Бид энэ талаар судалж байгаа. Удахгүй ажил хэрэг болгоно” гэж хэлж байсан байгаа юм.
Мөн тухайн үед гишүүн байсан Ц.Мөнх-Оргил ч гэсэн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байж.Зөвхөн сонсоод зогсохгүй Барилгын коллежийн ар орчмоос эхэлж төвийн шугамтай холбуулахаар хөөцөлдөж, хоёр тэрбум төгрөгийг төсөвт суулгуулж өгсөн байдаг юм билээ.Энэ мэтээр ажил эхлэх гээд явж байтал сонгуультай золгох нь тэр. Дүр зураг өнөөдрийг хүртэл бахь байдаг хэвээрээ л байна.Харин ч сүүлийн жилүүдэд нийтийн байр эрс нэмэгдэж, үндсэн иргэд нь тэнд амьдрахаа болиод, голдуу түрээсийн айлууд Гандангийн дэнжинд шавах болж.
16 дугаар хорооны нутагт 52 нийтийн байр байна
Баянгол дүүргийн 16 дугаар хороонынутаг дэвсгэрт 52 нийтийн байр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг тус хорооны Засаг дарга Д.Отгонлхам өгч байна. Гэтэл хүнсний дэлгүүр гэхэд 27, эмийн сан ердөө хоёрхон байх жишээтэй.Энэ тоо тухайн бүс нутаг ямар байдалтай болчихоод байгааг харуулж байгаа байх. Түрээсийн байранд амьдарч байгаа иргэд хашаа хороогоо тордох, ойр орчноо цэвэрхэн байлгах гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй нь тодорхой.Байр түрээсэлж байгаа иргэдийн ихэнх нь оюутнууд байж таарна.
Тэгэхээр хэдэн жилдээ амьдарсан болоод л явна шүү дээ. Ингээд бодохоор Гандангийн дэнж өнгөтэй өөдтэй болно гэж горьдоод ч хэрэг алга.Дээрээс нь тэр хавь олон жилийн турш гэр хороолол байсаар ирсэн. Үүнээс болоод хөрсний бохирдол дээд цэгтээ хүрчихсэн. Гадаа бие засах газар ухаад ч нэмэргүй. Өвөл эхлэхтэй зэрэгцээд хөлдөөд, амархан дүүрчихнэ.
Ингээд л тэр хавийн иргэд бие засах газаргүй болж, хаа таарсан газраа л “болгож” байна. Бүр зарим хүмүүс хувинд бие засчихаад гадаа гаргаж цацаж байгаа талаар иргэд ярьж, гомдоллож байгаа юм.За тэр угаадсаа хаа сайгүй цацах бол хэвийн үзэгдэл.Тэртэй тэргүй тухайн газар, хашаа хороог эзэмшдэг хүмүүс нь байхгүй, хэдэн түрээслэгчид байгаа болохоор дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа нь тодорхой. Бид хорооны Засаг дарга Д.Отгонлхамтай уулзаж, энэ асуудлыг хаанаас хянах ёстой, ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар асуулаа. Тэрбээр “Байр түрээсэлж байгаа хүмүүс хүн амьдрах орчин талаас нь анхаарч үздэггүй.
Оготны нүх шиг жижигхэн өрөөнд оруулаад, мөнгө аваад л байж байдаг. Гаднах 00, бохирын асуудлыг шийдсэн газар тун цөөн.Хүн өнөөдөр өмчлөлийнхөө газар дээр юу ч хийж болно. Гэхдээ энэ байр түрээслүүлж байгаа хүмүүсээс улсад татвар төлдөг нэг ширхэг ч иргэн байхгүй.Бидний нийслэлээс ганц хүсээд байгаа зүйл бол нийтийн байранд стандарт хэмжээ тогтооч өгөөч гэх асуудал. Хүн хэдэн ам.метр талбайд амьдрах ёстой юм. Дулаан нь, бие засах газар нь ямар байх ёстой юм бэ гэдэг журам баталж өгөөч гэж хүсээд байгаа юм шүү дээ” хэмээн ярьж байна.Ердөө ганцхан хороонд 52 нийтийн байр байна гэдэг эрүү мултармаар их тоо бишгэж үү.
Нэг нийтийн байранд дунджаар 15 өрөө байгаа гэж бодъё. Багаар тооцоход шүү дээ. Нэг өрөөнд дунджаар 2-3 хүн суудаг гэвэл багадаа л 1500 орчим хүний ялгадсаар Гандангийн дэнж булагдаж байна. Дээрээс нь угаадсаа асгана, зодоон цохион хийнэ, агсам согтуу тавина. Ийм байхад тэр хавьд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд яах болж байна аа. Ядаж байхад Гандан хавийг дахин төлөвлөлтөд ч оруулаагүй.Нийслэлийн удирдлагууд нэгийг бодож, хоёрыг тунгааж дахин төлөвлөлтөд оруулаагүй байх.
Нөгөө талаар нийслэлийн дагуул хотыг байгуулах асуудлыг саяхан ярилаа.Сайхан л хэрэг. Гэтэл хажууханд байгаа Гандангийн дэнжийг өнөөдрийг хүртэл яагаад төвийн шугамд холбохгүй, бохирт хутгаад, нийтийн байраар дүүргээд байлгаад байгааг гайхаад байна.Тэнд үйлчилгээ явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчид ажлын байраа халаахын тулд сард сая төгрөг цахилгаанд төлж байна.Гэх мэтээр яриад байвал асуудал их байна шүү дээ.
Уг нь хотын А зэрэглэлийн бүс, Монголын бурхан шашинтны төв оршиж байгаа энэ газрыг төвийн шугамд холбоод, орон сууцжуулаад явбал аятай юу.Нийтийн орон сууц барих хэрэггүй гэж үзэж байвал жишиг хороолол байгуулчихмаар байна. Төвийн дулаанд холбоод өгчихвөл нийтийн байр бариад, түрээслээд байгаа гайгүй мөнгөтэй хүмүүс чинь өөрийн гэсэн хаусаа бариад л суучихна. Ядаж тэр боломжийг нь олгоод өгчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй энэ хэвээрээ байгаад байвал 52 нийтийн байр нь удахгүй 60, 70, цаашлаад 100 болж, Гандангийн дэнж ялгадсандаа дарагдаж, ялаа батган шавуулсан газар хэвээр үлдэх нь.
Эх сурвалж:www.mminfo.mn
Н.Пунцагболд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ