12 настай хүү сургуулиа бужигнуулжээ

Америкийн Алабама мужийн Центр-Пойнт хотод нэгэн 12 настай сурагч хүү баригджээ. Сайн эр нэгэн сургууль руу алан хядлага хийнэ хэмээсэн сүрдүүлэг бүхий гурван захидал илгээгээд зогсохгүй өөрийн бүх үйлдлийг камераар бичиж авсан аж. Энэ сарын 15-ны лхагва гаригт нэгэн сургуулийн удирдлага айхтар үг, үсгийн алдаатай бичигдсэн захидлыг хүлээж авсан байна.

Түүн дотор сургуулийн бие засах газар тэсрэх бөмбөг тавигдсан, хувцас солих өрөөний шүүгээн дотор тэслэгч нь байгаа бөгөөд хүмүүсийг барилгаас гаргахад ердөө 40 минутын хугацаа үлдсэн гэж бичсэн байв. Хоёр минутын дараа сургууль руу дараачийн захидал ирсэн бөгөөд дотор нь “Би энэ уйтгартай сургуулиас 40 минутын дотор гарах болно” хэмээн бичжээ.

Сургуулийн удирдлага хүүхдүүдийг гадагш гаргасан бөгөөд цагдаа нарыг дууджээ. Хууль сахиулагчид ямар нэгэн тэсрэх бөмбөг олоогүй аж. Хэдэн цагийн дараа бүгд сургуульдаа ороод хичээлээ үргэлжлүүлсэн байна. Маргааш өглөө нь 09 цаг 30 минутын орчимд сургууль дахин нэг сүрдүүлэг бүхий захидлыг хүлээж авав. Түүн дотор мөн л үг, үсгийн алдаатайгаар цайны газар дотор тэсрэх бөмбөг байгаа тул 15 минутын хугацаа өгсөн байлаа.

Хүүхдүүдийг дахин гадагш гаргасан бөгөөд мөн л тэсрэх бөмбөг олдоогүй гэнэ. Цагдаа нар захидал илгээгчийг тогтоосон бөгөөд өөр нэг сургуулиас тэдгээр захидлыг бичиж явуулсан болохыг олж мэджээ. Тэр сургуульд очоод цагдаа нар захидлуудыг сургуулийн нэгэн компьютерээс 12 настай сурагч хүү илгээснийг тогтоов. Сайн эр бусармаг үйлдлээ гар утсаараа бичиж авчээ. Түүнийг саатуулсан бөгөөд удахгүй шүүх хурал болох аж.

Эх сурвалж: Wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ