12-той таван охин үр хөндүүлснээс нэг нь урагтайгаа энджээ
Хүүхэд зодох, амбаарт хорих нь үүний хажууд ётой юу ч биш ээ. Энэ бол аллага. Өмнө нь, зөвхөн эмч нарын зөвлөгөөнөөр, тусгай заалтаар аборт буюу үр хөндөлт хийдэг байв.
Монгол Улс зах зээлд орсон үеэс үүнийг чөлөөтэй болгосон нь жинхэнэ завхралд хүргэсэн юм. Ерээд оны эхээр жирэмсэн эмэгтэй нүдний гэм байлаа. Ганц, нэг харагдвал мэлмий баясдагсан.
Шинэ зуунаас жирэмслэлт дахин цэцэглэсэн ч, үр хөндөлтөд онцын өөрчлөлт гарсангүй. Энэ зууны эхээр албан ёсны бүртгэлтэй аборт жилд дунджаар 15 мянгад эргэлдэж байсан удаатай. Бүртгэлгүй, гэрээр зулбуулагсдыг нэмбэл энэ тоо хоёроос, гурав дахин нэмэгдэх нь мэдээж. Сүүлийн үеийн мэдээ бүр ч аймаар дуулдана.
Энэ хоёр жилд албан ёсны бүртгэлтэй аборт тус бүр гуч гаруй мянгыг хийжээ. Дээр нь бүртгэлгүй, гэрээр зулбуулагсдын нэмбэл, эл тоо дахин өсч, 60 мянга давах биз. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэж байгаа биз. Аймшигтайяа.
Үр хөндөлтийн дөч гаруй хувь нь анхны жирэмсэлт болохыг статистик харуулж байна. Тэдний тодорхой хувь нь дахин жирэмслэхгүй болох магадлалтай. Бүр амь насаа алдах аюул ч байгаа. Өнгөрсөн онд арванхоёртой таван охин үр хөндүүлснээс нэг нь урагтайгаа энджээ. Эдгээр нь юу харуулаад байна вэ гэвэл, манай нийгмийн өнөөгийн дүр, төрхийг үзүүлж байгаа хэрэг.
Эрүүл мэндийн салбарын бодлого нь бүр дампуурчээ гэсэн үг юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14-15 настай дөрвөн охин абортод оржээ. Дээхнэ ийм насны охид өдрийн од шиг жирэмслэхээр эвэртэй туулай үзсэн мэт алмайрдагсан.
Тэр үед 17, 18-тангууд хөл хүнд болохыг нэг их таашаадаггүй байлаа. Нялхаараа хүүхэд тээгээд завхарсан амьтад гэдэгсэн. Одоо ч энгийн үзэгдэл болжээ. Өсвөр насандаа ээж бологсдын тоо өнгөрсөн жилийнхээр 3000 гарчээ.
Эндээгүй нь их юм. Өдөрт багадаа арван эмэгтэй үр хөндүүлдэг, тэдний ихэнх 25-30 насныхан гэсэн нь жихүүцмээр тоо л доо. Нөхөн үржихүйн ид насныхан ийнхүү үр хөндүүлж буй нь харамсмаар бас эмгэнэмээр зүйл ээ.
Жилд 30 мянган хүүхэд/ураг чинь үнэн хэрэгтээ хүүхэд, ирээдүйн иргэд гэдэгтэй хэн ч маргахгүй/ егүүтгээд байвал Монголын үрс мөн ч “олон” болно доо. Бид аль дээр гурван сая гарчих байж. Даанч энэ абортоос болоод өөдөлсөнгүй дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ