О.Гүндэгмаа: Миний буу финалд 2 удаа гацсан ч олимпийн эрхээ авлаа
Эх орныхоо төрийн далбааг дэлхийн эв найрамдлын бэлэгдэл болсон олимпийн наадмын тэнгэрт мандуулж яваа тамирчдын нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа билээ. Тэрээр “Дэлхийн цом”-ын аварга болж, манай тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг авсан юм. Үүнтэй холбогдуулан О.Гүндэгмааг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та олимпод оролцох хамгийн анхны эрхийг авч, сая салбарынхаа сайдтай уулзлаа. Энд буу сумны асуудал багагүй яригдсан. Бидэнтэй бас сэтгэгдлээ хуваалцаач.
-Юуны түрүүнд намайг олон жилийн турш сэтгэлээрээ дэмжиж, тусладаг хамт олон, найз нөхөд болон “Алдар” спорт хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Миний хувьд олимпийн эрх авна гэдэг бол байх ёстой нэг даваа, нэг алхам. Мэдээж баг, тамирчдаасаа хамгийн түрүүнд энэ эрхийг авсандаа их баяртай байна. Бидний хувьд зайлшгүй тулгараад байгаа зүйл бол буу, сумны асуудал. Дэлхийн аваргад орж байх үед миний буу баараад, бас финалын шатанд 2 удаа гацсан ч эрхээ авж чадлаа.
Буу, сумаа шинэчлэн, сайжруулах талаар дасгалжуулагч маань сая сайдад уламжиллаа. Энэ талаар урьд нь бас санал болгож байсан юм. Энэ бол ганц миний асуудал биш, Монголын буудлагын холбоог төлөөлж байгаа бусад дэлхийн болон цомын тэмцээнд өрсөлдөж буй шигшээ багийн 11 тамирчны асуудал юм. Өнгөрсөн жил сум маань Монгол улсын хил дээр жил гаруй хугацаагаар саатуулагдсан. Тэгээд ЗГ-ын хурлаар орж байж нэг удаагийн лицензээр оруулж ирсэн юм. Сумыг хадгалах тодорхой горим гэж бий. Харин хил дээр хадгалалтын ямар нөхцөлд байсныг бид мэдэхгүй. Ямартай ч тамирчид маань энэ сумаар тэмцээн уралдаанд амжилттай оролцоод явж байна. Өнгөрсөн жил Дэлхийн аваргаар бид багаараа алт, мөнгө болон хувийн, багийн хүрэл медаль хүртсэн.
-Зургаа дахь олимпийнхоо талаар сэтгэгдлээ хуваалцаач.
-Ер нь хүн тогтсон ажлаа хийгээд явж л байдаг шүү дээ. Түүн шиг энэ бол миний ажил. Эмэгтэй хүний хувьд бол зургаа дахь жилдээ явна гэхээр энэ бол ар гэрт санаа зовох юмгүй, тэмцээн уралдаанд явахад бүхий л байдлаар тусалж, дэмждэг, үргэлж амжилт хүсдэг олон сайхан хүмүүсийн гавъяа юм. Тэднийхээ дэмжлэгтэйгээр би ийм урт хугацаанд сайн амжилттай оролцож чадаж байна гэж боддог.
-Одоо ямар тэмцээнүүд таныг хүлээж байгаа вэ?
-Олон улсын буудлагын холбооны дүрэмд өөрчлөлт орсон байгаа. Энэ дагуу олимпийн өмнөх жил дөрвөн Дэлхийн цом, Азийн аваргатай нийлээд таван тэмцээн болно. Тэгэхээр одоо гурван Дэлхийн цом, 11 дүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
-Дүрэм шинэчлэгдсэнээр таны хувьд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Дүрэм 2012 оны олимпийн дараа шинэчлэгдсэн байгаа. Миний хувьд өнгөрсөн жил 4,5 тэмцээнд ороод бараг бүгдэд нь финалд шалгарсан. Тэгэхээр шинэ дүрмийн ялгаа гэх юм байхгүй санагдаж байна.
-Сая оролцсон тэмцээнд бусад улс орны шинэ залуу тамирчид хэр оролцов?
-Эрхээ авсан улсууд эрх авсан тамирчнаа явуулахгүй, залуу тамирчнаа явуулчихдаг. Тэнд шинэ, залуу тамирчид олон байсан. Гэхдээ шинэ, залуу гээд тэднийг чамлаж, голж болохгүй. Сайн тамирчид байна лээ. Хийн буун дээр гэхэд оросын тамирчин түрүүлсэн. Манай төрөлд ч гэсэн хятадын залуу тамирчин оролцсон. Миний хувьд би тэр тамирчныг мэдэхгүй ч 2,3 сая тамирчдаас шалгарч гарч ирсэн учраас муу байгаагүй нь мэдээж.
-Энэ удаагийн өрсөлдөгч болсон хятадын тамирчинтай урьд нь таарч байсан уу?
-Манай спортын төрөл чинь тэр жинд таарна гэдэг шиг тийм юм байдаггүй. Бүгд зэрэгцэж зогсож байгаад л бууддаг. Гэхдээ хэдэн жилийн өмнө гарч ирсэн, дэлхийн цомд оролцож л байсан тамирчин байна лээ.
-Таны дараа дараагийн тэмцээнүүдэд чинь амжилт хүсье. Баярлалаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ