Долдугаар сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэхгүй

“Жолооны курс төгсөөд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэтэл одоо болтол Замын цагдаагийн газраас үнэмлэх хэвлэж өгдөггүй. Учрыг лавлатал жолооны үнэмлэх хэвлэдэг цаас дууссан гэх шалтгаанаар хэвлэхгүй байгаа гэх юм. Түр үнэмлэх өгөхийг хүссэн боловч “боломжгүй” гээд бас л өгдөггүй. Үүнээс болоод сар гаруйн хугацаанд машинаа барьж чадахгүй хохирч байна. Надтай ижил асуудалтай цөөнгүй хүн ЦЕГ-ын харъяа Лицензийн төвд очиж байна лээ. Энэ талаар тодруулж өгнө үү” гэсэн уншигчдын хүсэлт манай редакцид ирсэн юм. Дээрх уншигчийн хүсэлтийн холбогдох албаныхнаас тодруулга авлаа. Юуны түрүүнд жолооны үнэмлэх хэвлэж байгаа эсэхийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Энхболдоос тодруулахад “Ямартай ч жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц дуусч байгаа учраас “Түр үнэмлэх” олгож эхлэхээр яригдаж байна” гэсэн юм.

Замын цагдаагийн газрынхны хэлж буйгаар жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласнаас ийнхүү жолооны үнэмлэх хэвлэх ажил доголдох болсон гэнэ. Энэхүү доголдол нь хэдхэн хоног үргэлжлэх бус хамгийн ойрдоо ирэх долдугаар сараас үнэмлэх хэвлэж эхлэх нь тодорхой болжээ. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхний бэлдцийг хэвлэхэд багадаа л 60 хоног шаардлагатай гэнэ. “Бэлдэц маш цөөхөн үлдсэн учраас жолооны үнэмлэхийг бараг л хэвлэхгүй байна. Иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгөөд асуудлыг шийдэх боломжтой. Энэ асуудлыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байна” гэж албаныхан хэлж байна. Төрийн үйлчилгээнээс болоод буюу тендер сонгон шалгаруулалт, гэрээний хугацаа дууссан зэрэг шалтгаанаас болж төрийн ажил ийнхүү цалгардаж, назгайрсаар байна. Иргэд хохирсоор. Иймээс нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул Хууль зүйн яамнаас асуудлыг яаралтай шийдвэрлэж, жолооны үнэмлэхээ хүлээн суугаа иргэдэд түр үнэмлэх олгох нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: News.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ