Олон улсын нисэх буудлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх нэмэлт зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг төлөөлөн уг байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мицүми нар гарын үсэг зурж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн Зээлийн гэрээ /MON-P8/-г 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши-Чиёода түншлэл шалгарч, Бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээг байгуулах нөхцөл бүрдээгүй юм. Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцхөд Засгийн газарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тул Иргэний нисэхийн ерөнхий газар болон Мицүбиши, Чиёода түншлэл /Ерөнхий гүйцэтгэгч/-ийн хооронд Бүтээн байгуулалтын ажлын гэрээг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхлүүлсэн.
Зээлийн гэрээний нөхцөл: Япон Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор мөрдөгддөг нөхцөл бөгөөд төслийн зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компани нь Япон Улсын аж ахуйн нэгж байх, мөн нийт гэрээний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг Япон Улсын зах зээлээс хийх ёстой байдаг. Нэмэлт зээлийн хүүг Японы тал 2 дахин бууруулсан төдийгүй төслийн санхүүжилтэнд цаашид гарч болох эрсдэлүүдийг тооцон нисэх буудлыг ашиглалтад оруулахад бүрэн хүрэлцхүйц хэмжээний нэмэлт зээлийг тодорхойлон санал болгосон тул асуудлыг дахин Засгийн газарт танилцуулж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөн гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 36.8 тэрбум иенийн нэмэлт зээлийн санхүүжилтээр нисэх буудлын цогцолбор барилга байгууламжийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн, чанарын өндөр үзүүлэлттэй барьж, төлөвлөсөн хугацаанд нь бүрэн ашиглалтанд оруулах нөхцөл бүрдэж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ