Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.
Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Хөдөлмөрийн маргааныг аль болох хохирол багатай хөнгөн шуурхай шийдвэрлэх, хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн хэм хэмжээний дээд болон доод стандартыг хуульчлан тогтоох, нийгмийн түншлэгчдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зэргээр Хөдөлмөрийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд хэллээ.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөлд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамруулсан байна. Ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тэнцвэржүүлж, зохицуулах харилцааг оновчтой тодорхойлжээ.
Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулахaар хуулийн төсөлд тусгасныг Хөдөлмөрийн сайд хэллээ.
Тус хуралдааны үеэр Эдийн засгийн зөвлөлийн гишүүд тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ