Хятадын ЗГ: Далай лам Хятадыг хуваах гэсэн оролдлогоо хаях хэрэгтэй
Хэдхэн цагийн өмнө БНХАУ-ын Засгийн газраас Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламыг Хятадыг хуваах гэсэн оролдлогоо орхих хэрэгтэй гэсэн агуулга бүхий албан ёсны “тайлан” гаргажээ. Үүндээ Далай ламыг 1959 оны Төвдийн бослогын үеэр АНУ-аас зэвсгийн тусламж авсан хэмээн буруутгасан байна. Мөн түүнийг Төвдийг тусгаар улс болгох гэсэн бүтэхгүй “төөрөгдлөө” хойш нь тавь хэмээн хатуу сануулга өгчээ.
Лхагва гарагт Засгийн газрын танхимийн байгууллага болох Хятадын Төрийн зөвлөл батлан хамгаалахын асуудлаар уламжлал болгон хэвлүүлдэг Цагаан номоо олон нийтэд дэлгэсэн нь энэ аж. Төрийн өмчит "Сяньхуа" агентлаг номыг англи, хятад хувилбараар бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Цагаан номын энэ удаагийн дугаар “Түүхэн эх орондоо салшгүй нэгдэж байгаа Төвдийн хөгжлийн зам” сэдвээр хэвлэгджээ.
Уг номонд “1950-иад оны Төвдийн бослогын үеэр АНУ-ын Тагнуулын төв газар зөвхөн төлөөлөгчдөө явуулаад зогсоогүй Далай ламыг зугтаахад нь тусалж, тэдний хүчнийг дэмжих дайчдыг бэлтгэж, агаараас их хэмжээний зэвсэг хаяж өгч байсан. АНУ-д дэлгэсэн архивын материалуудаас үзэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд “Төвдийг тайвнаар чөлөөлсөн”-ий дараа 1951 онд Далай лам анх удаа Америкийн засгийн газартай холбоо тогтоосон” хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн "Америкийн Тагнуулын төв газартай Далай ламын тогтоосон харилцаа нь түүний нэр хүндийг өсгөсөн" хэмээн онцолжээ.
Мөн “Далай лам болон түүний дэмжигчид орчин үеийн Төвдийн тухай ойлголт муутай бөгөөд шашин төрийг хослон барих гэсэн феодалын үеийн оролдлого хийж байна” хэмээн буруутгажээ. Энд Далай лам тэргүүтэй хүмүүс энэ зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл ашигласан ч биелүүлж чадаагүй гэсэн байна.
Хятадын засгийн газар Далай лам болон түүний дэмжигчдийг "Төвд эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсаар ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой". Тиймээс “Хятадыг хувааж Төвдийг тусгаар улс болгоно гэсэн зорилгоо хаях хэрэгтэй” хэмээн сануулсан байна.
Хятадын Засгийн газар "Далай ламыг бодит байдалтай эвлэрч, амьдралынхаа үлдсэн хугацаанд дээрх төөрөгдлөө орхино хэмээн итгэж байна" гэжээ.
Хятад Төвдийг эзэлснээс найман жилийн дараа буюу 1959 оны Төвдийн лам нарын бослого амжилтгүй болсны дараа Далай лам Энэтхэгт дүрвэн гарч Дарамсалад суурьшсан билээ.
Г.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ