Онгоцны дугуй тэврээд 1000 км нисчээ

Индонезийн иргэн Марио Стефан Амбарита гэдэг эр Паканбару хотоос Жакарта руу нисэхдээ онгоцны дугуй хураагддаг хэсэгт 1000 километр нисчээ. Амбарита агаарт ойролцоогоор хоёр цагийг өнгөрүүлсэн байна. Уг онгоцонд суухын тулд сайн эр нисэх онгоцны буудлын 2.5 метр өндөр хашааг давжээ.

“Туулай” эр газардахдаа чихнээс нь цус асгарч байсан бөгөөд хөнгөн гэмтэл авсан байсан гэнэ. Эмч нар түүнд үзлэг хийсний эцэст мундаг эрийн эрүүл мэндэд харшлах зүйл үгүй гэж үзээд цагдаагийн хэсэгт хүргүүлжээ. Амбарита нийслэл хотод очоод улсынхаа Ерөнхийлөгч Жоко Видодотой уулзахыг төлөвлөж байсан гэдгээ ярьсан аж.

Уг нислэгт бэлтгэхийн тулд сайн эр нэг жил орчмыг зарцуулсан байна. Мань хүн онгоцны нисэх, буух дүрмүүдийг интернэтээр судалсан аж. Амбарита өмнө нь ч нисэх онгоцоор үнэгүй зорчих оролдлогыг хийж байсан нэгэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ