Оюутолгойн зэсийг экспортолсон ч монголын өр барагдахгүй

“Рио Тинто” Засгийн газраас зэсийн баяжмал экспортлох эрх хүлээж байна. Манай эрх баригчид энэ талаар ямар нэг зүйл ярихгүй байгаа ч олон улсын хэвлэлүүд Оюутолгойн зэсийг энэ сард багтаан хэрэглэгчдэд хүргэх тухай бичих болов.

Бүтэн зургаан жилийн турш хэрүүл маргаан, хэл амны бай болж, дарга нарыг хоёр талцуулан, овсгоотой нэгнийг нь дэлхийд данстай тэрбумтан болгож, овлигогүй заримынх нь атаархал, хорслыг буцалгасан Оюутолгой одоо л үүцээ задлах нь. Өмнийн говийн элсэн доорх энэ баялаг улстөрчдийн төрд гарах тулааны шалтаг болж байгаа бол жирийн монгол иргэдийн хувьд хүн шиг амьдрах хүслийнх нь түлхүүр болж.

Харин Оюутолгойг бүрэн утгаар ашиглах цаг юу юугүй хаяанд ирсэн энэ үед монголчуудын хүртэх хувь хэд болж буурах нь таашгүй асуудал болсон гэнэ. Учир нь хэдхэн сарын өмнө л зүү орох ч сиймхийгүй, төгс төгөлдөр болсон гэгдэж байсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг одоо амтай бүхэн нь өөлж байгаа ч “Рио Тинто” манай Засгийн газрын урд даанч бардам загнаж байгаа.

Оюутолгойг ашиглах тухай яриа анх 1996 онд гарч, 2001 онд нөөцийг нь албан ёсоор тогтоосон. Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн ч эргэж буцсаар байгаа нь олон улсыг Монголын зүг хандууллаа. Хамгийн гол нь гадныхан Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой аливаа гомдол, “Оютолгой”-н удирдлага дахь Монголын төлөөллийг өөрчлөх асуудлыг улс төрийн өнцгөөс нь харж байна. Өөрөөр хэлбэл ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол уриа нь энэ гэрээ байна гэж үзжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулсан, холбогдох чиглэлийн сайд нараас бүрдсэн Ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сард Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцсон. Энэ үеэр ТУЗ-д хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн санхүүжилтийг нээлттэй, эрчим хүчний хангамж бий болгох, усны хангамжийг судлах, гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн гэх хөрөнгө оруулалтыг тодорхой болгох зэрэг асуулыг даруй тодорхой болгохыг үүрэгдсэн.

Харин өнөөдрийг хүртэл төслийн санхүүжилт нээлттэй болсонгүй. Ямар ч байсан төлөвлөж байснаас хоёр тэрум ам.доллараар хэтэрсэн зардлын хохирлыг манай тал барагдуулах нь тодорхой болов. Энэ юунаас болсныг эдийн засагчид дараах байдлаар тайлбарлаж байгаа.

Олон улсад мөрдөгдөж буй бизнесийн хуулиар хөрөнгө оруулалт нь шууд ба шууд бус гэсэн хоёр хэлбэртэй. Шууд хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын дүрмийн сангийн тодорхой хэсэгт болон дэд бүтцийн обьектэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулдаг. Ингэснээр төрийн өмчийг хувийн эзэмшил, менежментэд шилжүүлдэг бол шууд бус, багцын хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн үйл ажиллагаанд болон шийдвэр гаргалтад хяналт тавих боломжгүй болдог юм байна. Мөн нийт үйлдвэрлэлийн зардлыг санхүүжилтийн давуу эрхийн хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалтад тооцож, ирээдүйд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг болон хүүгийн хуримтдлагдсан төлбөрийг эн тэргүүнд шаардаж гаргадаг.

ҮүгээрээОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан санхүүжүүлэх давуу эрхийн хувьцаа нь шууд хөрөнгө оруулалт бус, багц хувьцааны, давуу эрхийн санхүүгийн луйвар, өндөр хүүтэй санхүүгийн давхар түрээс шууд бус хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр болж байгаа гэж тайлбарлажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюутолгой” төсөлд шинээр нэмж оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор дөрвөн тэрбум орчим ам.доллар \анх оруулж ирсэн гэрээний нэг тэрбум ам.доллар бууруулсан\ гэж заасан ба үүний төрийн эзэмшлийн 34 хувь нь 1.176 тэрбум ам.доллар болж байна. Гэрээнд заасны дагуу эхний найман жилд ногдол ашиг хуваарилахгүй хувилбараар тооцволэнэ хугацаанд зээлийн хүүд 1.157 тэрбум ам.долларын хүүгийн өр хуримтлагдаж, санхүүжүүлэх хугацааны эцэст төрийн өмчийн компанийн энгийн хувьцааны эзэмшлийн хуримтлагдсан өр 2018 онд 2.3 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо хийжээ.

Энэ өр цаашид ямар хэмжээнд хүрч өсөх нь тодорхой бус. Эрдэмтэд, эдийн засагчдын тооцоо судалгаанаас харахад 20-30 жилийн дараа манай тал ногдол ашиг авч эхлэх учраас Монгол Улс зээлээр энгийн хувьцаа эзэмших нь ашиггүй хувилбар юм байна.

Мөн Монголын тал цөөнх хувьцаа эзэмшигчийн хувьд “Оюутолгой” компанийн ТУЗ-д санал гаргаж, ногдол ашиг хуваарилах, үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодлого зэрэгт нөлөөлөхөд ихээхэн бэрхшээлтэй.

Гэрээнд зааснаар “Айвенхоу Майнз Монголиа инк” ХХК нь Монгол Улсын компанийн тухай хуулиар байгуулагдсан толгой компани болох “Айвенхоумайнз” нь /одоогийн “Туркойз Хилл”/ 1995 онд Канадын “Юкон” бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци. 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийнхувьцаа болгон өсгөсөн.

Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид “IVN” нэрээр бүртгэлтэй байсан бөгөөд 2009 онд 378 сая ширхэг энгийн хувьцаа гаргасан юм. Тэр үед компанийн хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1.8 тэрбум, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2.3 тэрбум ам доллар байсан. Харин Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гаргахад, нэгж бүр нь 25 канад доллараар буюу хоёр дахин өсч, компанийн зах зээлийн үнэлгээ мөн тэр хэмжээгээр нэмэгдсэн. Нэг үгээр гадныхан аль хэдийнэ Оюутолгойгоос ашгаа хүртсэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар “Оюутолгойгоор дамжуулж томоохон санхүүгийн луйвар хийж байгааг уг нь тоо бодож чаддаг хүн бүр хармаар юм. “Айвенхоу Майнз” гэдэг компани одоо “Туркойз Хилл” нэртэй болсон. Энэ компани манайд 2010, 2011 онд 50 болон 100 сая ам.доллар өгсөн нь бэлэг биш өр. Одоо бид хүүнд 30 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгийг “Туркойз Хилл”-ийнхэн гэнэт олсон ашиг болгон авч үзэж байна. Энэ өрний хугацаа ойрын үед дуусна.

Манай Оюутолгой 100.8 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэсэн ТЭЗҮ байдаг. Үүний 50 хувь нь ашиг гэж үзвэл 27 тэрбум ам.доллар нь монголчуудад ирэх ёстой. Энэ мөнгөөр бартерийн гэрээ байгуулж ч болно. 1800 км төмөр зам, хоёр зэс хайлуулах үйлдвэр авна шүү гэх зэргээр тов тодорхой гэрээ байгуулах хэрэгтэй. Ухаантай мөртлөө маш ойлгомжгүй ярина гэдэг бол луйвар явж байгаагийн шинж” гэсэн. Харин “Рио Тинто” явцын дунд гэрээний утга, хөрөнгө оруулалтын хэмжээ, оролцоог өөрчлөх боломжгүй гэж хатуу мэдэгдсэн.

Үүнээс харахад Оюутолгойгоос зэсийн баяжмал гаргасан ч ялгаагүй, гаргаагүй ч ялгаагүй болж таарч байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ