Казиногийн тусгай зөвшөөрөл 35 тэрбум
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар Казиногийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг УИХ хэлэлцэж эхэллээ. Төсөлд тусгаснаар хоёр казино байгуулна, тусгай зөвшөөрлийг 35 тэрбум төгрөг байхаар тогтоожээ. Нэг үгээр хэлбэл, хоёр казино байгуулагдахад 70 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрнө гэсэн үг. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 10 жил байна. Дахин сунгахад мөн 10 жилээр тусгай зөвшөөрөл олгогдоно. Олон улсын жишиг үнийг судлахад казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоход 20-75 тэрбум ам.доллараар үнэлдэг аж. Энэ жишгээр хөөвөл Монголын казиногийн тусгай зөвшөөрөл хамгийн бага үнэтэй байгаа юм. Гэхдээ энэ бизнест хөрөнгө оруулахад зөвхөн тусгай зөвшөөрөл авснаар ажил цэгцэрчихгүй, наад зах нь олон улсын жишигт хүрсэн зочид буудал барина. Том казино байгуулахад 1.2 их наяд ам.доллар зарцуулдаг бол дунд зэргийн казино байгуулахад 300 сая ам.долларын хөрөнгө шаарддаг аж. Монголын хувьд дунд зэргийн казино байгуулна, 85 хувь нь зочид буудал, үйлчилгээ эзлэх бол 15 хувь нь тоглоом байх нь.
35 ТЭРБУМ ТӨГРӨГ ИХ МӨНГӨ ҮҮ?
Эдийн засаг хямарсан үед казино байгуулах тусгай зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр тогтоох нь хөрөнгө оруулагчдыг татах бус үргээнэ гэсэн болгоомжлолыг хэлэх гишүүн байгаа ч ашиг нь 40-60 хувь дотор эргэлддэг тул энэ хэмжээг хөдөлгөх шаардлагагүй гэж үзэх гишүүн ч байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийн мөнгөн дүнг энэ хэвээр үлдээх үү, бууруулах уу гэдэг шийдлийг УИХ хуулийн төслийг хэлэлцэх шатанд эцэслэнэ. Хууль тогтоогчдод энэ эрх хадгалагдаж байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд тусгай зөвшөөрлийг дээрх үнээр авахаас гадна Гааль, НӨАТ, ХАОАТ, ААНОАТ төлнө, түүгээр дамжиж төсөвт жил тутамд 74-138 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой аж. Төсөл санаачлагчид энэ тооцоог гаргахдаа 100 автомат машинтай казиног жишиг болгосон юм байна.
КАЗИНОД ХЭН ТОГЛОХ ВЭ?
Төсөлд тусгаснаар 21 нас хүрсэн гадаадын иргэн тоглоно. Монгол хүн казино тоглох нь хориотой. Ийн хориг тавьсан нь нийт хүн амын 40 хувь нь доогуур орлоготой, казиногийн тухай ойлголт монголчуудын хувьд бүдэг бадаг, мөн түүнд тоглох эрх нээгдсэн нөхцөлд хамаг байдгаа тавиад туучихвал яах вэ гээд олон шалтгааныг бодож зөвхөн гадаадын иргэн тоглож болохоор хуульчилжээ. Энэ жишгээр БНСУ казиног амжилттай ажиллуулдаг байна.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн онцолсноор иргэд нь тусгай такс төлөөд тодорхой мөнгөн хязгаарлалтад өөрийн орны казинод тоглох эрхтэй. Макаод 35 казино ажилладаг, иргэд нь орж тоглох боломжтой, гол нь тодорхой зохицуулалтаар хязгаарлагддаг. Жишээ татвал, Сингапур улсын иргэдийн хувьд эхний 24 цагт 100 ам.доллар төлөөд 5000 сингапур доллараар тоглох эрхтэй. Гэр бүлийнх нь гишүүнээс казино тоглуулахгүй байх хүсэлт гаргасан бол тоглох эрхийг хязгаарладаг аж. Харин гурван сая хүн амтай цөөхөн монголд энэ мэт зохицуулалт нутагших уу?.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярынхаар бол ийм зохицуулалтыг хуульд тусгаад өгчихөд монголчууд ойлгох гэнэ. Ингэхгүй бол монголчууд нь казино тоглохын тулд гадаадыг зорьдог, гадаадынхан нь казино тоглохын тулд монголд ирдэг “үзэгдэл” бий болж мэдэх аж. Хуулийн төсөл боловсруулагчид энэ талын судалгааг хийж үзэхэд монголчуудын нэлээд хувь нь гадаадад казино тоглодог нь батлагджээ.
КАЗИНОГИЙН СӨРӨГ БА ЭЕРЭГ ТАЛ
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казиногийн үүрэг өндөр. Монгол Улсын хувьд энэ боломжийг ашиглахыг хичээж байна. Таван жилийн дараа буюу 2020 онд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавьжээ. Өнгөрсөн жилүүдэд буюу 2013 онд 417 мянган жуулчин ирсэн нь энэ салбарын орлого 263 ам.долларт хүрч, ДНБ-ний 5.29 хувьтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, нэг сая жуулчин хүлээн авдаг болсон нөхцөлд ДНБ-нд эзлэх хувь хэмжээ хоёр дахин өсөх аж. Гэхдээ зөвхөн казиногоор дамжуулж жуулчин татах нь өрөөсгөл, үзүүлж харуулах үнэт зүйлдээ илүү ач холбогдол өгөх нь аялал жуулчлал илүү таатай хөгжинө гэж үзэх хэсэг байна.
Казино байгуулах нь олох орлогыг өсгөх ч мөнгө угаах гэмт хэргийн гаралтыг өсгөдөг сөрөг талтай аж. БНСУ-ын казинод Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар очиж мөнгө угааснаас Хятадын талаас Өмнөд Солонгост хандаж казиногоо хаах шаардлагыг тавьж байсан удаатай. Энэ хэргийн улмаас Хятадад 10 шахам иргэн цаазын ял сонссон гэх мэдээлэл байна.
КАЗИНОГИЙН ГУНИГТАЙ ТҮҮХ ДАВТАГДАХ ВИЙ
1998 онд казиногийн хэрэгт УИХ нэр бүхий гишүүд холбогдож шоронд орж байсан гашуун түүх бийг хууль тогтоогчид сануулж байна. Тиймээс казино байгуулах асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлж байх, мөн хуулийн төслийг одоогийн хувилбараар батлах нь өмнөх алдааг давтах эрсдэл рүү оруулж байна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд сануулж буй юм.
Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн тайлбарласнаар 1998 онд хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалт байгаагүй учраас Казиногийн хуулийг баталж байсан. Хууль батлахад эсэргүүцэж байсан хүмүүс гурван гишүүнд татварын асуудлаар эрүү үүсгэсэн. Одоо батлах хууль энэ түүхийг давтахгүй байхыг хаа, хаанаа анхаарах.
Үүнээс гадна казиног байгуулахад нийгмийн хэв журам, аюулгүй байдлын зохицуулалт шаарддаг. Казиногийн хуулийг дангаар нь баталж болохгүй. Аюулгүй байдлын статусыг хангаж, бүрэн камержуулалтыг хийх. Казиногийн хамгаалагч нь аж ахуйн нэгжийн компанийн хувийн зохион байгуулалтад байж болохгүй. Төрийн хуулиар хамгаалагчид хуулийг биелүүлэх лиценз олгодог зохицуулалт хийж өгөх. Хэрвээ компани нь хууль бус зүйл хүсвэл хамгаалагч татгалзаж, хууль ёсны шаардлага биелүүлдэг байх. Ингэхийн тулд Казиногийн тухай хуулийн төслийг дагалдуулаад Хамгаалалтын тухай хуулийн төслийг оруулж ирэх. Ингэхгүй бол казиногийн системийг дагаад хамгаалагч хийж байгаа нөхөр хуулиас гадуур, зохион байгуулалтын бүлэг рүү орчихож болохгүй. Хамгаалалтын дархлааг бий болгох хэрэгтэйг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сануулж байна.
КАЗИНОГ ХААНА БАЙГУУЛАХ ВЭ?
Хуулийн төсөлд хоёр казино байгуулна гэснээс байршлыг тусгаагүй байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж шийдэх аж. Гэхдээ дэд бүтэц хөгжсөнийг нь бодолцож, шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа Хөшигийн хөндийд казино байгуулж мэдэх нь.
Чөлөөт бүсийн тухай хуульд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулж болно гэж зааж өгсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Казино байгуулах асуудлыг УИХ, Засгийн газар анх удаа хэлэлцэж байгаа нь энэ биш аж. Анхны хуулийг 1998 онд баталсан ч нэр бүхий гурван гишүүнд хариуцлага тооцсоноор энэ хуулийг 1999 онд хүчингүй болгож байжээ. Үүнээс хойш буюу 2007 онд А.Бакей нарын гишүүд Казиногийн хууль санаачилсан бол 2009 онд Д.Загджав нарын гишүүд хязгаарлагдмал Казиногийн тухай хууль санаачилж байсан аж. Үүний дараа Н.Алтанхуягийн танхим Казиногийн хуулийг санаачилсан нь дөрөв дэх нь оролдлого нь байжээ. Харин тав дахь хуулийн төслийг одоо хэлэлцэж байгаа нь энэ аж.
Эх сурвалж: News.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ