Хүүг хөнөөсөн модон сандлыг эд мөрийн баримтаар хураан авчээ

Гуравхан настай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 7-ны оройн 22.00 цагийн үед хүү аавдаа зодуулан амиа алдсан юм. Хүүг яаралтай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэхээр авч явсан ч үхлийн шарх авсан хүү тэсэлгүй замдаа амьсгал хураасан байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 42 настай Б гэгч нь үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд сэжигтэн Б-г хорих 461-р ангид цагдан хорьжээ.

Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан ирж, орцны жижүүрийг дагуулан тус айлд орсон байна. Энэ талаар орцны жижүүр “Намайг ороход гэр орон нь ундуй сундуй болчихсон, хүүхдийн цус бололтой цусны толбо байсан. Цагдаа нартай хамт гэрт нь орсон л доо. Гэрийнх нь үүдэнд нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэр эмэгтэй охин нь байсан байх. Намайг талх авахаар явах хооронд хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан юм шиг байна лээ” гэжээ.

Хэрэггарах үед хүү гэртээ аавтайгаа хоёулахнаа байсан бөгөөд ээж, эгч хоёр нь эзгүй байсан аж. Улмаар эгч нь гэртээ ирж, дүүгээ алуулсаныг мэдмэгцээ цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Орцны жижүүрийн хэлж байгаагаар эхнэр, нөхөр хоёулаа гоо сайхны, орифлэймийн бараа зардаг хүмүүс байдаг гэнэ. Мөн хүүхдийнхээ аминд хүрсэн Б гэгч нь архи дарс хэрэглээд байдаггүй. Харин хүүхдээ хөнөөсөн тэр өдөр архи уусан байжээ.

Цагдаагийнхан хэргийн газраас “Хараа” архины шил хоёр гурвыг, мөн хүүг цохиж хөнөөсөн гурван хөлтэй хар өнгийн модон сандлыг хураан явжээ.

Эх сурвалж: Zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ