Бохь их зажлах нь толгой өвдөх шалтгаан болдог

Тель-Авивын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бохь байнга зажилдаг хүүхдүүд, өсвөр үеийнхэн бусдаасаа илүү толгой нь өвддөг гэнэ. “Pediatric Neurology” сэтгүүлд нийтэлсэн баримтаас үзэхэд энэхүү нээлт толгой нь өвддөг олон хүүхдэд тус болох юм байна.

Эрдэмтэд 6-19 насны 30 хүүхдэд ажиглалт хийгээд, толгой байнга өвдөх нь бохь зажлахтай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд хүүхдүүдийг бохио хаях заавар өгөхөд 26 нь бие сайжирсан, 19 нь толгой нь дахиж өвдөөгүй гэсэн байна.

Толгойн өвдөлт нь хүүхдүүд, ялангуяа охидын дунд түгээмэл байдаг өвчин юм. Үүний гол шалтгаан нь стресс, хэт ядрах, нойр дутуу явах, видео тоглоом тоглох, тамхи татах, хоол муутай явах зэрэгтэй холбоотой.

Гэвч толгойн өвдөлт, бохины хоорондын хамаарлын талаар нэг ч судалгаа хийгдэж байгаагүй юм. Харин эрдэмтэд бохь зажлах үеэр эрүүний булчин ажиллаж толгойн өвчин үүсгэж магадгүй гэж үзсэний үндсэн дээр уг судалгаагаа явуулжээ.

Үүнээс гадна бохины найрлаганд байдаг аспартам хэмээх бодис толгой өвтгөдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эх сурвалж: Ugluu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ