Залуухан герман бүсгүй “Исламын улс”-ын толгойлогчтой гэрлэжээ

Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр ал-Багдади залуухан герман бүсгүйтэй хуримласан тухай Иракын телевиз “Алсумари” мэдээлсэн байна. Тус хэвлэлийн бичсэнээр “Европоос Сириэр дамжин Иракт ирээд удаагүй байсан залуухан герман бүсгүй ал-Багдадитай мягмар гарагт гэрлэлээ” гэжээ. Хосууд Иракын Мосул хотын Шүүний канлерийн газарт хуримын ёслолоо хийсэн байна.

Толгойлогчийн хуримын ёслол маш нууц болсон бөгөөд аюулгүй байдал ч сайн хангагдсан байжээ. Одоогоор толгойлогчийн шинэхэн эхнэрийн нэр, нас болон хосуудын хаана байгаа тухай мэдээлэл тодорхой бус байна. Гэвч эмэгтэйг дөнгөж 20 орчим настай байж болох хэмээн эх сурвалж дүрсэлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр сургуулийн насны есөн охиныг оролцуулаад 70 герман эмэгтэй “Исламын улс”-д нэгдэхээр эх орноосоо зугтаасан юм. Дэлхийн нийтэд хар үйлдлээрээ алдаршиж буй “Исламын улс” бүлэглэл нь исламын шашны сунни урсгалын хүмүүс бөгөөд Сири, Иракын томоохон нутгуудыг эзлэн аваад байгаа юм.

Г.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ